О.Батбаяр: Улаан бүсэд ажиллаж буй хүмүүсийг гурав дахь тунд хамруулж эхэлсэн

2021-08-18 Мэдээ мэдээлэл

О.Батбаяр: Улаан бүсэд ажиллаж буй хүмүүсийг өчигдрөөс гурав дахь тунд хамруулж эхэлсэн

Эрүүл мэндийн яам, УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлөөс Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх вакцины гуравдугаар тунг хийж эхлэхтэй холбоотойгоор мэдээлэл хийлээ.

УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр “Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу Монгол Улсад тархаж байгаа халдварын мутацийг илрүүлэх тал дээр ажиллаж байна. Баян-Өлгий, Ховд, Говьсүмбэр, Хэнтий, Завхан аймгуудад хоногт бүртгэгдэх халдварын 35-75 орчим хувь нь мутацид орсон Дельта вирус. Одоогийн байдлаар дотоодод Дельта, Альфа, Гамма хувилбарын тархалт бүртгэгдсэн байгаа ч Дельта хувилбарын тархалт өндөр хувийг эзэлж байна.

Вакцины гуравдугаар тунгийн асуудлыг дэлхий нийтэд судлаж байгаа. Зарим улс орны хувьд нэг үйлдвэрийн вакцин хийх эсэх тал дээр судалгаа хийсэн. Цар тахлын тархалтын эрсдэл нэмэгдэх тусам дархлаажуулалттай бүлэг рүү чиглэж байна. Хэдийгээр вакцины хоёр тундаа хамрагдсан ч халдвар авсан хүн олон бий. Хүн бүрийн дархлааны тогтолцоо өөр учраас вакцин хийлгэсэн хүмүүс халдвараар өвдсөн ч хүндрэх магадлал бага.

Эрүүл мэндийн яамнаас эхний ээлжинд улаан бүс буюу халдварын хариу арга хэмжээний багт ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнууд, онцгой байдал болон цагдаагийг алба хаагчдыг сайн дурын үндсэн дээр гуравдугаар тунд хамруулж эхэлсэн. Аль ч үйлдвэрлэгч компаниас албан ёсоор вакцины хэчнээн тунд хамрагдах нь зөв гэсэн мэдэгдэл гаргаагүй. Тушаалд зааснаас бусад салбарын хүмүүс одоогоор гурав дахь тунд хамрагдах боломжгүй. Монгол Улсад мутацилагдсан хувилбарыг илрүүлэх шинжилгээг тогтмол хийж байна. Улаанбаатар хотын халдвараар өвдсөн иргэдийн 30 орчим хувь нь мутацид орсон халдвараар өвдсөн. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын судалгааны байгууллага дархлаажуулалтын хувьд сул байгаа орнууд гурав дахь тунг хийж эхлэх нь зүйтэйг мэдэгдсэн. Гэхдээ албан ёсоор хүлээн зөвшөөрсөн зүйл дэлхий нийтэд байхгүй. Хариу арга хэмжээний багт ажиллаж байгаа ажилчдыг өчигдрөөс гуравдугаар тунд хамруулж эхэлсэн. Нэг хоногт 400 гаруй хүн сайн дурын үндсэн дээр гуравдугаар тунг хийлгээд байна” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.