Яармагт байрлах хотын захиргааны шинэ байранд 145 ор дэлгэжээ. Тиймээс маргаашнаас эхлэн /2021.06.23/ өвчтөнүүд авахаар болжээ. Улсын Онцгой комиссоос боломжтой байршлуудад нэмэлтээр ор дэлгэх бэлтгэл ажлын хүрээнд Яармаг дахь хотын захиргааны шинэ байранд 145 ортой, яаралтай тусламжийн төвийн үйл ажиллагааг эхлүүлэхээр ажиллаж байна.
Энэхүү Яаралтай тусламжийн төвд зайлшгүй эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай, ор хүлээж буй иргэдийг хүлээн авч түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлэх бөгөөд дүүргийн эмнэлгүүдэд ор гарахаар дараагийн шатлалын эмнэлгүүдэд шилжүүлэн хэвтүүлэх юм.
Хөнгөн өвчтэй болон биеийн байдал хүнд хүмүүсийг хоёр өөр танхимд байрлуулах ба эрчимт эмчилгээний 15 ор бэлджээ. Мөн танхимууд бүгд камержуулалттай бөгөөд эмчилгээний явц, нөхцөл байдлыг хянах боломжтой юм. Хүчилтөрөгчийн баллонууд байрлуулах шугамаа өнөөдөр тавьж дууссаны дараа маргаашаас өвчтөнүүдээ авч эхлэх аж.