JCI МОНГОЛ БАЙГУУЛЛАГА “БЯЦХАН ҮРСЭЭ ХАМГААЛЬЯ” АЯНЫГ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ

2021-05-28 Мэдээ мэдээлэл

Олон улсын залуучуудын JCI Монгол байгууллагын 2021 оны үндэсний ерөнхийлөгч Г.Баярмагнай тэргүүтэй удирдлагын баг, салбар байгууллагын хамт олон “Бяцхан үрсээ хамгаалъя” аяныг санаачлан хэрэгжүүлж байна.Улсын хэмжээнд коронавирусийн халдвараар өвчилсөн нийт иргэдийн 20 орчим хувь нь хүүхэд байгаатай холбогдуулан тус байгууллагын хамт олон 4 кг-ын багтаамж бүхий 50 ширхэг хүчилтөрөгчийн баллон, 70 мянган маск тэргүүтэй нийт 30 орчим сая төгрөгийн үнэ бүхий бараа материал хандивыг коронавирусийн халдвараар өвчилсөн хүүхдүүдийн эмчилгээнд зориулж Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өглөө.

Тус үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд JCI Монгол байгууллагын 2021 оны үндэсний ерөнхийлөгч Г.Баярмагнай, Эрүүл мэндийн яамны бусад албаны дарга нар, JCI салбар байгууллагын хамт олон оролцлоо. Аяны хүрээнд нийт 30 сая төгрөгийн үнэ бүхий бараа материал, мөнгөн хандив цугласан бөгөөд хандивууд бүгд JCI Монгол байгууллагын гишүүдээс бүрджээ. Мөн аяны хүрээнд цугласан бэлэн мөнгөөр Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн хүсэлтээр хүүхдийн хүчил төрөгчийн баллон гадаад улсаас авчирч өнөөдөр бусад цугласан хандивын хамт Эрүүл мэндийн яаманд JCI Монгол байгууллагын 2021 оны Удирдлагын багийн гишүүд хүлээлгэн өглөө.

Энэхүү хүчилтөрөгийн баллон нь коронавирусийн халдвараар өвчлөн эмчилгээ хийлгэж байгаа хүүхдүүд өөрийн даах хэмжээний буюу 4 кг багтаамж бүхий баллонтой хүчилтөрөгчөөр хангагдаж, уушгаа хамгаалан хүндрэлээс сэргийлж чадах юм. Цар тахлын энэ хүнд үед иргэд олон нийт, эцэг эхчүүд, төрийн болон төрийн бус байгууллагуудын хүүхдэд чиглэсэн анхаарлыг нэмэгдүүлж, нэг ч хүүхэд эндэлгүй эсдэлгүй даван туулах нь энэ аяны гол зорилго юм. Тэд энэхүү аянаараа дамжуулан хүүхдэд зориулсан вакцин гараагүй, нийт өвчлөгчдийн 20 хувь нь хүүхэд байгаатай холбогдуулан эцэг эхчүүдийг хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж, хүүхдээ эрсдэлээс хамгаалахыг уриалж байгаа ажээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.