Энэ АН-ын ардчилал уу…

2021-05-5 Нийтлэл

АН гэж аргаа барчихсан улс төрийн хүчин байна. Эсвэл бүр цагаандаа гарчихсан ч юм уу. Энэ л тэдний бүхэл бүтэн гуч гаруй жил хүсэн мөрөөдөж, үйл хэргээ зориулсан ардчилал нь уу. Дотоод асуудал нь шүүх, хяналтын байгууллагад хүрчихсэн. Тамга тэмдэг нь үнэгүйдчихсэн. Ёстой л энэ намд “ах” нарынхаа жишгээр голомтоо хуваах ганцхан сонголт үлдсэн бололтой. Өөрөөр хэлбэл, нэгэн цагт экс Н.Энхбаяр энхрий хайрт нам засгаасаа жаахан “цучил” таслан үзэл бодол, өөрийн эрх мэдлийн төлөө өрх гэрээ босгож байв. Харин тэд өдгөө эргэж нөхөрлөх их үйлсэд зам шулуудав. Эцсийн бүлэгт улс төрд ямар ч дайснууд ашиг сонирхлын төлөө дахиад л нэг цэгт огтолцдог нь энэ жишээ аж.

Тэгэхээр АН-ын дотоод ажин түжин, үл ойлголцол өмнө нь болж өнгөрсөн дээрх үйлдэлтэй өнгө ижил харагдахгүй байна гэж үү. Шийдэл нь ч ил байна бус уу. Учир гэвээс С.Эрдэнэ гуай дахиад л хэрүүлд нэмэрлэх шинэ “хачир” сэдээд олчихож. Тодруулбал, Дээд шүүхэд өнгөрөгч сарын 27-нд хоёр АН-аас очсон дүрмийн өөрчлөлт, дарга нарыг бүртгэх хүсэлтийг хэлэлцсэн. Гэвч эцсийн шийдэлд алийг нь ч хангахаас татгалзсан юм. Харин энэхүү шүүх хурлын тогтоол өчигдөр товлогдсон байсан Дээд шүүхийн хуралдааны товтой олон нийтэд бичгээр ил болоодхов. Эл тогтоолд Үндсэн дүрмийн хороо, Дотоод сонгуулийн хорооны бүрэлдэхүүн, Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтүүд, М.Тулгат, О.Цогтгэрэл нарыг АН-ын даргаар бүртгүүлэх зэрэг хүсэлтүүд бүгд унасан нь цагаан дээр хараар бичээстэй. Мөн тус тогтоолд Дээд шүүхийн цахим сан дахь С.Эрдэнийн бүртгэлийг сэргээх тухай дахин гаргасан хүсэлтийг тэр өдөр мөн хэлэлцжээ. Тэр хүсэлтийг ч бас хангахаас татгалзсан байна.

Тэгвэл С.Эрдэнийн энэ хүсэлт намд нь дахин хэрүүл тарилаа. АН-ынхан “…М.Тулгатыг АН-ын даргаар сонгочихоод байтал араар нь өөрийгөө бүртгүүлэх хүсэлтийг Дээд шүүхэд гаргалаа” гээд бухимдацгааж байна.

АН-ынхан “Эрдэнэчүүд”, “Туваанчууд”, эсвэл Ц.Элбэгдоржийн АН, Х.Баттулгын АН гэж хуваагдаад байсан. Харин энэ асуудал “Эрдэнэчүүд” буюу Ц.Элбэгдоржийн АН-ынхны дунд хэрүүл тарьж буй бололтой. Өчигдөр лав дотроо ширүүхэн үзэцгээж байв. Энэ мэтчилэн хэрүүл тэмцэлтэй АН энэ шатны сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ хуулийн хугацаанд эцэслэн баталж чадах эсэх нь эргэлзээтэй байна. За яахав эвдрэлцэж, нийлэлцэж нэг хүн нэр дэвшүүллээ гэхэд тэр нь л АН-ын “ардчилал” бололтой.

Дашрамд дуулгахад, Сонгуулийн ерөнхий хорооноос АН-ын нэр дэвшигчийн материалыг өнөөдөр буюу хуулийн хугацаанд хүлээн авахгүй гэдгээ мэдэгдлээ. Учир нь нам хоорондын дотоод маргаантай асуудлаа эцэслэн шийдвэрлэж өнөөдөр буюу тавдугаар сарын 5-ны өдрийн 18.00 цагт материалаа авчрах хэрэгтэй гэв.

<

© 2021 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.