1,264 хүнээс коронавирусийн халдвар илэрч, нас баралт 8 бүртгэгдлээ

2021-04-23 Мэдээ мэдээлэл

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 10,109 хүний сорьцод шинжилгээ хийхэд 1,264 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.

Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 27,956 боллоо.

Мөн хугацаанд 486 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол 8 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.

Өнөөдрийн байдлаар халдварын тохиолдлуудын 14,258 нь эдгэрээд байгаа бол 69 хүн уг өвчний хүндрэлээр нас бараад байна.

Өнөөдрийн байдлаар 4,127 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн тусгаарлалтад 6,763 хүн байна.

Мөн тандалт судалгаа нь үргэлжилж байгаа буюу гэрийн хяналтад үлдээх эсвэл эмнэлэгт хэвтүүлэх эсэхийг шийдээгүй 2,700 гаруй хүн байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-2,338
  • Хүндэвтэр-1,374
  • Хүнд-351
  • Маш хүнд-64 хүн байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд халдвар аваад нас барсан хүний тоо 76 болоод байна. Үүнээс 69 хүнийг коронавируст халдварын хүндрэлээр нас барсан гэж ЭМЯ-наас мэдээлж байгаа бол 7 хүнийг хавсарсан өвчний улмаас нас барсан гэж үзэж байгаа юм. 

Найман хүн нас барсан нь нэг өдрийн дотор хамгийн олон нас баралт бүртгэгдсэн тохиолдол болж байна.

Нас барсан хүмүүсийн тухайд,

  • Дөрөвдүгээр сарын 2-нд онош нь батлагдсан 66 настай эрэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 9-нд онош нь батлагдсан 62 настай эрэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 12-нд онош нь батлагдсан 94 настай эрэгтэй
  • Дөрөвдүгээр сарын 13-нд онош нь батлагдсан 62 настай эмэгтэй
  • Дөрөвдүгээр сарын 21-нд онош нь батлагдсан 81 настай болон 60 настай эрэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 22-нд онош нь батлагдсан 56 настай эмэгтэй болон 27 настай эрэгтэй байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.