ЭМЯ: 885 хүнээс коронавирусийн халдвар илэрч, хоёр хүн нас барлаа

2021-04-13 Мэдээ мэдээлэл


Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.

Сүүлийн 24 цагт 13100 хүний шинжилгээний хариу гарч, 885 хүнээс коронавирусийн халдвар илэрч, хоёр хүн нас баржээ. Мөн коронавирусийн халдвар авсан 371 хүн эдгэрчээ.

Сүүлийн 24 цагт 885 хүн шинээр халдвар авснаар манай улсад батлагдсан халдварын тоо 16603 боллоо. 20 болон 61 настай эрэгтэй нас барж, нас баралтын тоо 27-д хүрээд байна.

Шинээр бүртгэгдсэн халдварын 836 нь Улаанбаатар хотод, 48 нь орон нутагт бүртгэгджээ. Тодруулбал, Орхон аймагт 10, Архангайд найм, Сэлэнгэд зургаа, Ховд, Сүхбаатарт тав, Булган, Төв аймагт дөрөв, Өвөрхайнгай, Хэнтийд нэг тохиолдол бүртгэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар 2667 хүн коронавирусийн халдвараа эмчлүүлж байна. Үүний 1910 нь хөнгөн, 610 нь хүндэвтэр, 127 нь хүнд, 20 нь маш хүнд гэсэн оноштой байгаа аж. Сүүлийн долоо хоногт 10 гаруй хүн нас барсан бөгөөд хавсарсан өвчний улмаас нас баржээ.

Мөн энэ үеэр ХӨСҮТ-ийн Дэд захирал Ж.Байгалмаа хөл хорионы үр дүнтэй холбоотойгоор дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Хатуу хөл хориог ямар хугацаанд тогтоохоос шалтгаалан үр дүн гарна. Энэ хугацаанд өвчлөлийн нөхцөл байдал тодорхой хэмжээгээр саарна. Өнөөдөр 885 тохиолдол бүртгэгдлээ. Эдгээр тохиолдлууд нууц үедээ байсан гэж ойлгож болно. Бид хөл хорионы үр дүнг харах хараахан болоогүй байна. Бид тодорхой тооцооллыг хийсэн. Эхний ээлжид 15 хоногийн хөл хориод, дархлаажуулалтын үр дүн 70 хувьтай байна гэж үзэхэд, 15 хоногийн хөл хорионы дараа өдөрт бүртгэх тохиолдлын тоо бага зэрэг буурна. Ингээд 15 хоногийн дараа халдвар авсан тохиолдлын тоо тодорхой хэмжээгээр өсөхөөр харагдаж байна. 28 хоног хөл хорио тогтоогоод, дархлаажуулалтын үйл ажиллагааг үр дүнтэй явуулж, дархлал тогтоцыг 70 хувь байлгавал, долдугаар сарын 1-н гэхэд халдварын тохиолдлын тоо 20 ба 10-аас доошоо байх тооцоолол хийсэн. Өвчлөлийн нөхцөл байдал өдөр бүр өөр өөр болж буй учир өнөөдрийн тооцооллыг маргааш хийхэд мөн өөр тооцоолол гарах тухай иргэд ойлгох хэрэгтэй” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.