Шүлснээс Covid-19 илрүүлэх шинжилгээний нээлт ӨНӨӨДӨР болно

2021-03-30 Мэдээ мэдээлэл
Шүлснээс Covid-19 илрүүлэх шинжилгээг АШУҮИС-д хийж эхэлнэ

Шүлснээс Covid-19 халдварыг илрүүлэх шинжилгээг өнөөдрөөс (2021.3.30) Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль дээр хийж эхэлнэ гэж АШУҮИС-ийн профессор, анагаах ухааны доктор Д.Нямбаяр мэдээллээ.

“SARS-Covid-19  халдварыг шүлснээс илрүүлэх АШУҮИС-ийн эрдэмтдийн бүтээсэн ПГУ/PCR оношлуурыг ашиглах нээлтийн ажиллагаа өнөөдөр болно. Шүлснээс Covid-19 тодорхойлох уг оношлуурын цомог бол Монгол Улсын хувьд дотоодын оношлуур бүртгэн авсан анхны тохиолдол болсон. Мөн хамгийн тэмдэглүүштэй нь дэлхийд анхдагч оношлуурын цомог болж байгаагаараа онцлог юм. Шүлснээс Covid-19 илрүүлэх оношлуурын халдварт мэдрэг өвөрмөц чанар нь туршилтаар 100 хувийн үзүүлэлттэй гарч, шинжилгээний хариуг богино хугацаанд гаргах боломжтой болохыг тогтоосон. Мөн сорьцыг 14 хоногийн хугацаанд хадгалах бөгөөд зардал нь 2-3 дахин хямд болно” хэмээн Д.Нямбаяр мэдэгджээ.

Шүлснээс шинжилгээ авч Covid-19 илрүүлэх оношлуурын төслийг АШУҮИС-ийн эрдэмтэд 2020 оны арванхоёрдугаар сард эхлүүлж, 2021 оны гуравдугаар сард дуусгахаар ажиллаж байгаа аж. Тус төслийг Анагаахын ухааны доктор, дэд профессор Д.Нямбаяр, Анагаахын ухааны доктор, профессор, академич Г.Болдбаатар нар ахлан, АШУҮИС-ийн 10 гаруй эрдэмтэн багшийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Оношлуур бүтээх уг төсөл амжилттай хэрэгжсэнээр Covid-19-ийн шинжилгээ авч буй арга хэлбэрийг өөрчилж, шүлснээс илрүүлэх бүрэн боломжтой болж байна.

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.