Манай улсад COVID-19 цар тахлын халдварын хүрээ улам тэлж байна. Өдөрт 100-200 тохиолдол шинээр бүртгэгдэж байгаа юм. Тэгвэл ХӨСҮТ-ийн ажилтан хувийн шугамаар танил талынхаа шинжилгээний хариуг хуурамчаар үйлддэг байсан нь илэрчээ. Тэрбээр нөхрийнхөө өмнөөс шинжилгээ өгдөг байсан бөгөөд бүсгүйн сүүлийн хариу эерэг гарсан байна.
Дашрамд дуулгахад, энэ талаар салбар яамнаас өнөөдрийн ээлжит мэдээллээр тодруулга өгнө гэв.
Харин өнөөдөр Шадар сайд С.Амарсайхан /2021.03.17/ Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-ийн удирдлагуудтай хуралдах үеэр “ХӨСҮТ-ийн ажилтан нь танил хүмүүсийнхээ шинжилгээний хариуг өөр хүний шинжилгээгээр солих, нөхрийнхөө өмнөөс 2-3 удаа PCR шинжилгээ өгсөн зэрэг тохиолдол гарлаа. Өнөөдөр нөхөр нь хөдөө явах болоход өмнөөс нь дахин шинжилгээ өгтөл хариу нь эерэг буюу халдвартай гарсан байна. Бид ойрын хавьтлыг хөөгөөд байгаа гэсэн боловч халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын хариу нь сөрөг буюу халдваргүй гараад халдвартай хүний хариу нь халдваргүй гэж гарч байна. Энэ бол маш хариуцлагагүй, ноцтой хууль зөрчсөн үйлдэл юм. Мөн шинжилгээ авахдаа иргэдээс мөнгө авдаг, ар өврийн хаалга хэрэглэдэг зэрэг нь тандалт судалгааны ажлыг үр дүнгүй болгож байна” гэж мэдэгдэв.