Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Хепатийн В, С вирусийн илрүүлэг шинжилгээг нийслэлд эхлүүлэхээр бэлтгэл ажилдаа оржээ.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 11 дүгээр тогтоолоор “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд 2017 онд 40-65 насны даатгуулагчийг улс даяар хепатитийн В, С вирүсийг илрүүлэх шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах санхүүжилтийг тус сангаас хариуцахаар шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийг үндэслэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Эрүүл мэндийн сайдын 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хамтарсан тушаал гарч даатгуулагчийг хепатитийн В, С вирүс илрүүлэх шинжилгээнд хамруулах, даатгалын сангаас зардлын төлбөрийг санхүүжүүлэх журам батлагдан гарсан билээ.
Улаанбаатар хотод шинжилгээнд хамруулах иргэдийн тоо, шаардагдах төсвийг баталж өгсөн Эрүүл мэндийн сайдын А/200 тоот тушаалын хүрээнд нийслэлийн эрүүл мэндийн байгууллага бэлтгэлийг хангаж байна. Хепатитийн В, С вирүсийг илрүүлэх шинжилгээнд ашиглах багцыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хууль”-ийн дагуу худалдан авахаар дүүргийн эрүүл мэндийн төвүүд зарлаж, гэрээг 2017 оны 06 дугаар сарын эхэнд нийлүүлэгчтэй хийхээр урьдчилан төлөвлөж байна.
Шинжилгээний багцыг хүлээж авснаар нийслэлд оршин сууж байгаа 40-65 насны эрүүл мэндийн даатгалтай иргэнийг хепатитийн В, С вирүс илрүүлэх шинжилгээнд хамруулж эхлэх юм. Шинжилгээ хийж эхлэх өдрийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тусгайлан зарлаж, нийслэлийн хэмжээнд нэг өдөр нэгэн зэрэг эхлүүлэхээр бэлтгэж байна.
Үүний зэрэгцээ нийслэлийн эрүүл мэндийн байгууллага эмч, мэргэжилтнийг бэлтгэж сургах, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн бэлэн байдлыг хангах, өрхийн эрүүл мэндийн төв дээр хороо, хэсгээр нь эмх, замбараатай, хүлээгдэл чирэгдэлгүй шинжилгээнд хамруулах хуваарийг боловсруулах зэрэг олон төрлийн бэлтгэл ажлыг хангаж байна.
Иймээс нийслэлд оршин суугч, хепатитийн В, С вирүс илрүүлэх шинжилгээнд хамрагдах хүсэлтэй, 1952 оны 01 дүгээр сарын 01-ээс 1977 оны 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн 40-65 насны иргэн эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байх ёстой гэнэ.
А.Уянга
7 цагийн өмнө
10 цагийн өмнө
10 цагийн өмнө
12 цагийн өмнө
13 цагийн өмнө
14 цагийн өмнө
14 цагийн өмнө
87429
30692
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.