НҮБ-ийн Хөгжлийн Хөтөлбөр, Азийн Хөгжлийн Банк болон Монгол Улсын Жендэрийн Үндэсний Хороо хамтран хийсэн судалгааны дүгнэлтээ өнөөдөр танилцууллаа.
Тус судалгаагаар нийгмийн үйлчилгээ, ажил эрхлэлт ба орлого, төрөөс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, эмзэг бүлэг зэрэг харилцан уялдаа бүхий дөрвөн салбарт эмэгтэйчүүд, охидод үзүүлж буй КОВИД-19 цар тахлын нөлөөлөл, нөхцөл байдлыг судалсан байна.
Эмэгтэйчүүд Монгол Улсад эрүүл мэндийн салбарын ажиллагсдын 82 хувийг бүрэлдүүлж байгаа нь цар тахлын хүнд бэрхшээлтэй үед тэд болон тэдний гэр бүл өндөр эрсдэл дунд амьдарч байгааг илтгэж байгаа юм.
Мөн цар тахлын улмаас тогтоосон хөл хорионы үед, охид, эмэгтэйчүүд хөлсгүй хөдөлмөрт ихэнх цагаа зарцуулж байгаа нь өөртөө анхаарал тавих, суралцах, хөгжихөд нь сөргөөр нөлөөлж байна. Хөл хорионы үед эмэгтэйчүүд, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон жирэмсэн эмэгтэйчүүдэд эмнэлгийн яаралтай тусламж авахад хүндрэлтэй байсан бөгөөд цар тахлын үед эхийн эндэгдэл өнгөрсөн гурван жилтэй харьцуулахад 27.8% өсжээ.
Монгол Улсын хөгжлийн тухай шийдвэр гаргалтад эмэгтэйчүүдийн оролцоо, болон төлөөллийг нэмэгдүүлэхэд чиглэх хэрэгтэй. Хөл хорионы үед жендерт суурилсан болон гэр бүлийн хүчирхийлэл Монгол Улсад өссөн байна. Үндэсний Статистикийн Хорооны мэдээнээс харахад 2020 оны 3-12-р сард гэр бүлийн хүчирхийллийн зөрчил 2019 онтой харьцуулахад 35 хувиар өссөн байна. КОВИД-19 цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь Монгол Улсын эдийн засагт хүндрэл учруулсаар байгааг судалгаанд мөн дурджээ.
Эмэгтэйчүүд ихээр ажилладаг бичил, жижиг болон дунд бизнес эрхлэгчдийн хөрөнгийн эргэлт, эрэлт, нийлүүлэлт буурч, бараа материал, түүхий эдийн нийлүүлэлт тасалдах зэрэг бэрхшээлтэй тулгарч байна. Тус судалгаа нь Монгол Улсын Засгийн газрын охид, эмэгтэйчүүдийн цар тахлыг даван туулах чадварыг сайжруулахад авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд нь тэдний хэрэгцээнд суурилсан байх хэрэгтэйг онцлон богино, дунд болон урт хугацаанд авч хэрэгжүүлж болох шийдлүүдийг санал болгох зорилготой аж.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87446
30778
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.