Ж.Байгалмаа: Голомтолсон халдвар байгаа учраас гинжин хэлхээ тасрахгүй байна

2021-03-5 Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр албаныхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

– Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд хэзээнээс дархлаажуулалтын ажлыг эхлүүлэх вэ?

ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл: Дархлаажуулалтыг үе шаттай зохион байгуулж байгаа. Хүн амын бөөгнөрөл ихтэй, халдварын эрсдэл өндөртэй нийслэл хотоос дархлаажуулалтын ажлыг эхлүүлсэн. Дараагийн шатанд эрсдэл өндөртэй, халдвар гарсан аймгуудыг сонгож дархлаажуулалтын ажлыг зохион байгуулна.

– Цагаан сарын үеэр хатуу хөл хорио тогтоож өрх бүрээс шинжилгээ авсан хэдий ч халдварын тохиолдол буурахгүй байна. Нөхцөл байдал хүндэрвэл дахин хөл хорио тогтоох уу?

ХӨСҮТ-ийн Халдварын тархвар, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа: Халдварын үе шатаас хамаарч хариу арга хэмжээгээ төлөвлөдөг жишиг байгаа. Хөл хорио тогтоох явцад өрх бүрээс шинжилгээ авах арга хэмжээ зохион байгуулсан нь үр дүнтэй зөв зохион байгуулалт болсон. Халдварын нууц үеийн хугацаа 4-7 хоног зарим үед 14 хоног хүртэл үргэлжилдэг. Энэ хугацаанд өмнө нь халдвар авсан хүмүүсийн гинжин хэлхээгээр ойрын хавьтал болсон хүмүүсээс халдвар илрээд байдаг. Голомтолсон халдвар байгаа учраас гинжин хэлхээ тасрахгүй яваад байна.

Халдварын үе шатаас хамаарч ямар хариу арга хэмжээ авахаа шийдээд явна. ХӨСҮТ халдварын тархалтын үе шатыг 7 хоног бүр үнэлээд явж байгаа.

– Дархлаажуулалтын эрэмбэд боловсролын байгууллагын ажилтнууд наймдугаарт буюу сүүлээсээ хоёрт эрэмбэлэгдсэн байгаа. Боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг эхлүүлбэл багш нарыг дархлаажуулалтад хамруулах уу?

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма: Одоогийн байдлаар халдварын голомтод ажиллаж байгаа болон үйл ажиллагааг нь тасалдуулж болохгүй байгууллагуудын ажилтнуудыг вакцинд хамруулж байна. Цаашдаа халдварын тархалт болон цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулаад эрэмбэлэлтийг хийнэ.

ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл: Дархлаажуулалт удаашралтай явж байна гэж санаа зовох хэрэггүй. Бидэнд маш богино хугацаанд хүн амаа дархлаажуулах хүн хүч, нөөх хөрөнгө, тогтолцоо байгаа. Эрэмбэлэн ангилалтаа цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан дахин хийгээд явж болно.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.