ЭМЯ: “Монгол шир” компанийн 18 ажилтан, “Амгалан” амаржих газарт 2, батлагдсан тохиолдлуудын хавьтал нийт 31 хүнээс халдвар илэрлээ

2021-02-4 Мэдээ мэдээлэл

Коронавируст халдварын тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс ээлжит мэдээллээ хийж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Хоёрдугаар сарын 3-нд нийт 16960 хүнд шинжилгээ хийхэд 31 хүнээс коронавирус илэрсэн. Улаанбаатар хотод 31 хүнээс халдвар илэрсэн. Өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал, тусгаарлагдсан хүмүүсээс халдвар илэрсэн бөгөөд шинээр хоёр том голомт үүслээ.

Тодруулбал, “Монгол шир” ХХК-ийн нэг ажилтан хоёрдугаар сарын 1-ны өдөр онош нь батлагдсан. Улмаар тус үйлдвэрийн 72 хүнд шинжилгээ хийхэд 18 хүнээс коронавирус илэрсэн. Түүнчлэн нийслэлийн “Амгалан” амаржих төвд 234 хүнд шинжилгээ хийхэд хоёр хүнээс халдвар илэрсэн. Нэг нь тус эмнэлгийн сургалтын ажилтан байсан.

Ингэснээр дотоодын халдварын тохиолдол 1380 болсон.  Зургаан хүн эдгэрч, гэртээ гарлаа.

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1890  болсноос 1398 хүн эдгэрсэн байна. 479 хүн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал маш хүнд нэг хүн байна.

“Монгол шир” ХХК-ийн халдвар авсан 18 ажилтны гэр зургаан дүүргийн 12 хороонд байна. Тэгэхээр зургаан дүүргийн 12 хороонд шинээр эрсдэлт байдал үүслээ гэсэн үг. Түүнчлэн ойрын хавьтлын тоо эрс нэмэгдэж байна” гэв.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.