Зүүнтний намууд хоёр өдөр чуулна

2017-05-25 Uncategorized

Прогрессив Аллианс буюу Дэвшилтэт холбооны дөрөвдүгээр бага хурал өнөөдөр Улаанбаатар хотод эхэллээ. Энэхүү бага хурал тавдугаар сарын 25, 26-нд явагдана.

Прогрессив Аллианс гэдэг байгууллага нь дэлхийн зүүн төвийн үзэл баримтлалтай, 130 улс төрийн намыг эгнээндээ нэгтгэсэн байгууллага аж. Тус байгууллага нь социал демократ буюу нийгмийн ардчилсан үзлийг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм байна. Байгууллагын өмнөх хурал өнгөрсөн гуравдугаар сард Германд болж, Гүйцэтгэх хорооны гишүүнээр манай улсаас УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ сонгогдсон байна.

Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байгаа энэ удаагийн хуралд нь Англи, Австрали, Швед, Португали, Гүрж, Герман, Бельги, Малайз, Марокко, Судан, Энэтхэг, Палестин зэрэг 34 улсын парламентын гишүүн, намын дарга болон удирдах төвшний ажилтнууд оролцож байгаа юм. Хурлын төлөөлөгчид нийгмийн тогтвортой байдал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөө, Азийн орнуудын хөгжиж буй байдал зэрэг сэдвийн хүрээнд хоёр өдрийн турш хэлэлцүүлэг өрнүүлэх аж.

Дашрамд дуулгахад, Прогрессив Аллианс байгууллагын дөрөвдүгээр бага хурлын үдээш хойшхи хуралдаанд МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд оролцлоо.

О.МӨРӨН

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.