Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс ээлжит мэдээллээ танилцуулж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Нэгдүгээр сарын 10-ны өдөр нийт 14216 хүнд PCR шинжилгээ хийхэд 13 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн.
Улаанбаатарт 13 тохиолдол нэмэгдлээ. Өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьталуудаас илэрсэн. Тэнүүн-Огоо, Ачтан эмнэлэг, Мөнххада компанитай холбоотой гэр бүлийн иргэдэд дамжсан халдвар бүртгэгдсэн.
Ачтан эмнэлгийн голомтод нийт 47 халдвар гарсан.
Тэнүүн-Огоо компанитай холбоотой 14 тохиолдол, Мөнххада компанитай холбоотой нийт 25 тохиолдол бүртгэгдсэн байна.
Одоогоор 947 ойрын хавьтал ажиглалт тусгаарлалтад байна. 2144 хүн хоёрдогч хавьтал болон гэрийн ажиглалтад байна. Бид цөм голомтыг хязгаарлан хяналтдаа авлаа.
Улсын хэмжээнд голомтлон гараад байгаа хэсэгт нийтдээ 942 тохиолдол бүртгэгдсэн.
Нийт өссөн дүнгээр хэлбэл:
Улаанбаатарт 616
Сэлэнгэ аймагт 217
Орхон аймагт 25
Дархан-Уул аймагт 45
Дорноговь аймагт 32
Говьсүмбэр аймагт 4
Архангай аймагт 3
Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 1442, эдгэрсэн 896 байна.
Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ-д нийтдээ онош нь батлагдсан 535 хүн эмчлүүлж байна” гэв.