ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Арванхоёрдугаар сарын 30-нд нийт 13597 хүнд PCR шинжилгээ хийхэд 20 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн.
Хоёр тохиолдол нь Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн иргэний давтан шинжилгээгээр илэрсэн.
Мөн 16 тохиолдол нь Баянзүрх дүүргийн дэгдэлтэй холбоотой тусгаарлалтад байгаа иргэдээс илэрсэн. Хоёр өвчтөн, нэг сахиур бусад нь гэр бүлийн хавьтлууд байна. Энэ хавьталд Тэнүүн Огоо компанийн диспечер түлш түгээгчээс коронавирус илэрсэн. Хамт ажилладаг байсан 200 гаруй хүнийг шинжилгээнд оруулсан. Тус компаниас нийтдээ 4 хүний онош батлагдсан. Энэхүү голомтттой холбоотой 256 тохиолдол батлагдаж эмчилгээнд орсон. Энэ голомттой холбоотой 1256 хавьтлыг ажиглаж тандаж байна. Өмнөх хавьтлуудыг тусгаарлах байрын хязгаарлалт дуусаж гэрийн хяналтад шилжүүлсэн. Тэднийг гэрийн хяналтад 14 хоног хянана.
Хавдар судлалын үндэсний төвөөс эмч, нягтлан бодогчоос коронавирус илэрсэн.
Улсын хэмжээнд голомтлон гараад байгаа хэсэгт нийтдээ 736 тохиолдол бүртгэгдсэн.
Нийт өссөн дүнгээр:
Улаанбаатарт 410
Сэлэнгэ аймагт 217
Орхон аймагт 25
Дархан-Уул аймагт 45
Дорноговь аймагт 32
Говьсүмбэр аймагт 4
Архангай аймагт 3
Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 1215, эдгэрсэн 830 байна. 69.3 хувь нь эдгэрсэн.
Сүүлийн 24 цагт 6 хүн эдгэрч эмнэлгээс гарсан.
Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ-д нийтдээ онош нь батлагдсан 375 хүн эмчлүүлж байна” гэв.