Я.Содбаатар: Энхсаран сувиллаас коронавирусийн голомт илэрсэн асуудлыг шалгаж эрүүгийн хэрэг үүсгэсэн

2020-12-24 Парламент

 

УИХ-ын чуулганаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүд асуулт тавьж, хариултаа сонсож байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: –Бид хааж, хорих л асуудал яриад байх юм. Хамгийн амар арга нь юм уу хаашаа юм. Олон улсад бизнесийн үйл ажиллагааг хаахгүй зөвхөн баар, цэнгээний газрыг л хааж байгаа юм билээ. Я.Содбаатар сайд аа, та нэг жаахан ухаалаг бай л даа. Бид нар хаахаас өөр юм ярихгүй юм. Ариун цэврийн дэглэмийг нь сахиулаад бизнесийг нь явуулах талаар арга хэмжээ авна уу?

Шадар сайд Я.Содбаатар: -Би хаагаад байгаа юм биш. Мэргэжлийн хүмүүс, ЭМЯ, эрдэмтэн судлаачид халдварт өвчин дэлгэрнэ гэж зөвлөж байгаа. Ингэж хаахгүй бол жилийн эцэс болоход буюу 10-аад хоногийн дотор 400-450 хүн, цагаан сар болоход 2800 хүн өвчлөх нь гэж мэргэжлийнхэн хэлж байна. Дэлхий нийтэд 3-4 аргаар л ноцолдож байна. Нэг нь хөл хорионы дэглэм. Аравдугаар сард амны хаалтгүй байх хугацаанд нэг хүнээс найман хүнд халдварлана гэж байсан. Одоо хөл хорионы дэглэм барихад нэг хүнээс нэг хүнд халдварлах чадвартай болсон. Мэргэжлийн хүмүүс маш нарийн тооцоо судалгаа, математик аргачлалаар бодож байгаа болохоос биш би дээшээ харж байгаад гаргадаг шийдвэр биш. Бизнес эрхлэгчдээ бодолгүй яах вэ. Бид байгаа боломждоо тааруулж арга хэмжээг авч байна. Коронаварус дэлхий нийтэд хүндээр тусаж байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: –УОК-оос хариуцлагын асуудал ярих хэрэгтэй. Энхсаран, Баянзүрх дүүргийн эмнэлэг гээд алдаж л байдаг. Хариуцлага тооцмоор байна. УОК юу хийж хэрэгжүүлэх гэж байна вэ?” гэв.

Шадар сайд Я.Содбаатар: -Анхны хоёр голомтыг сайн хумиж авсан. Өнөөдрийг хүртэл төмөр зам, Энхсаран, жолооч Д-ын  голомтыг үндсэнд нь хумисан гэж тооцож байгаа. Сэлэнгэ аймгаас бусад газарт өвчин гараагүй 20 гаруй хонож байна. Үндсэн эдгээр голомтууд дарагдсан. Улаанбаатар хотод Баянзүрхээс эхтэй голомтыг хумих асуудал байгаа.

Дэлхийд вирусийг  бүрэн зогсоосон тохиолдол ховор байна. Манай улс хүн амтай багатай учир цаг алдалгүй арга хэмжээ авбал голомтыг хумих боломжтой гэж дүгнэж байна. Энхсаран сувиллаас коронавирусийн голомт илэрсэн асуудлыг шалгаж эрүүгийн хэрэг үүсгэсэн. 10 гаруй хүнийг холбогдуулан шалгаж байна. Хуулийн байгууллага шалгаад явж байна.

Төмөр замын голомт бол үйл ажиллагаанаас үүдэж гарсан тул хойшоо гарч байгаа бүх шугамуудаар биечилж харьцаж байсныг болиулсан. Есдүгээр сараас эхлээд онлайн байдлаар бичиг солилцож, биечлэн уулзахаас татгалзаж ирсэн. Төмөр замын тэмцээнд өөр хүмүүс ирж оролцсон гэдгийг эрүүгийн цагдаа болон холбогдох байгууллагууд шалгаад үгүй юм байна гэдгийг тогтоосон. Баянзүрх дүүрэгт гарсан асуудлаар эхний шалгалт хийж өнөөдөр хариуг сонсоно.

Баянзүрх дүүргийн тохиолдол бол эмнэлэгт хэвтэхээс өмнө арванхоёругаар сарын 7-ны өдөр шинжилгээ өгөхөд сөрөг гарч байжээ. Мөн арванхоёрдугаар сарын 11-ний өдөр эмнэлэгт хэвтэхдээ шинжилгээ өгөхөд сөрөг гарсан. Харин арванхоёрдугаар сарын 16-ны өдөр эмчилгээний явцад шинжилгээ өгөхөд эерэг гарсан байна. Эх үүсвэр нь хаанаас вэ гэдгийг тогтоох чиглэлээр ажиллаж байна.

Баянзүрх дүүргийн эмнэлэг хувийн эмнэлэг учир халдвар хамгааллын дэглэмийг сахиулахгүй байснаар цааш тархах нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж  байна. Хариуцлага тооцох чиглэлээр арга хэмжээ авна. 14 хоногийн хугацаанд УОК хэд хэдэн чиглэлээр анхаарал хандуулж ажиллах гэж байна. Гарсан голомтын хүрээ зураглалыг зөв гаргах ажил хийнэ. БЗД-ийн 80 мянган хүнээс шинжилгээ авах ажил явагдаж байгаа. Улаанбаатар хотод эрт илрүүлэг маягаар томоохон шинжилгээ хийнэ.

10 чиглэлийн эрсдэлтэй байгаа бүлгүүд дээр давтамжтай шинжилгээ авах ажлыг эхлүүлсэн. Иргэдийн хувьд энэ үеэр халдвар хамгааллын дэглэмийг баримталж, гэртээ байхыг хүсэж байна.

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.