БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс 141 хүнийг тусгаарлах байр руу шилжүүлжээ

2020-12-21 Мэдээ мэдээлэл

БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт нийт 225 өвчтөн байснаас хүүхэд болон насанд хүрсэн 141 хүнийг тусгаарлах байр руу шилжүүлсэн. Мөн тус дүүргийн 28 хорооноос 20 цэгт дүүргийн иргэдийг шинжилгээнд хамруулж буйг Баянзүрх дүүргийн онцгой комиссын дарга Н.Баянмөнх өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр тодотгов.

Тус эмнэлгийн голомттой холбоотой 1136 хавьтал байгаа бөгөөд эхний ээлжинд бүх хавьтлаас шинжилгээ авч 62 тохиолдлыг илрүүлжээ. Тус эмнэлгийн эмч, ажилтан 302, өвчтөн 225, сахиур 93, гэр бүлийн хавьтал бүхий 596 хүнийг бүрэн шинжилгээнд хамруулсан бөгөөд өнөөдрөөс давтан шинжилгээ хийх юм.

ХӨСҮТ-өөс өгсөн мэдээллээр, БЗД-ийн нэгдсэн эмнэлэг дотор байгаа эмч, ажилтнууд, хэвтэн эмчлүүлэгчдийг өвчлөл гарсан өдрөөс эхлэн эрэмбэлэн ангилсан байна. Эхний ээлжинд ойрын хавьтал бүхий эмч ажилтан, эмнэлгээс гарах гэж байсан иргэдийг ажиглан тусгаарлах байр руу шилжүүлжээ. Мөн халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбоотой өвчний байдал нь хөнгөн хүүхдүүд, халдварт огт өртөөгүй бусад тасгийн хүүхдүүдийг тусгаарласан байна.

Одоогоор тус дүүргийн эмнэлэгт нийт 85 хүн хэвтэн эмчлүүлж байгаа юм. Коронавирусний халдварын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотой иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллагууд халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж, шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг сануулж байна. Зайлшгүй гарах тохиолдолд амны хаалт зүүж, хүн хоорондын зай барих, гараа ариутгах зэрэг халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлах шаардлагатай юм.

Өнөөдрийн онч үг

8 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.