Коронавируст халдварын тархалт тандалт илрүүлэх шинжилгээг сонгогдсон хороонд зохион байгуулж байгаа ажлын талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа танилцууллаа. Тэрбээр “Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу нийслэлийн хэмжээнд 70 мянган орчим өрхийг сонгож, өрх тус бүрээс нэг иргэнийг коронавирусийн шинжилгээнд хамруулуулах ажлыг бид арванхоёрдугаар сарын 4-нөөс эхлэн зохион байгуулж байна. Энэ үйл ажиллагааг 7 хоногийн хугацаанд хийхээр төлөвлөсөн. Нийт шинжилгээнд хамрагпдах 70 орчим өрхийг өвчлөл гарсан хороодоос үлдсэн 30 хувийг өвчлөл гарах эрсэл өндөртэй хороо болон хорооноос тандалтын шугамаар хийхээр сонгосон. Өрхийг сонгохдоо олон ам бүлтэй, хөдөлгөөнт ажил эрхэлдэг, нэг хашаанд эсвэл байранд олноороо амьдардаг, үйлчилгээний газарт ажилладаг болон ажиллуулдаг, мөн бусад эрсдэлтэй байдлыг тооцон сонгож уг шинжилгээнд хамруулахаар төлөвлөсөн.
Өчигдрөөс эхэлсэн шинжилгээнд өнөөдөр өглөөний мэдээгээр нийт 12 мянга гаруй иргэн шинжилгээнд хамрагдсан.
Ингэхдээ:
- Баянзүрх, Баянгол дүүрэгт 20,000
- Сонгинохайрхан дүүрэгт 13,000
- Хан-Уул дүүрэгт 6,000
- Сүхбаатар дүүрэгт 4,500
- Чингэлтэй дүүрэгт 3,000
- Багануур дүүрэгт 2,000
- Налайх дүүрэгт 1,000
- Багахангай дүүрэгт 500 өрхийг хамруулна.
Шинжилгээг 48 түр цэг, байнгын ажиллагаатай 18 цэгт шинжилгээг авч байгаа бөгөөд 700 гаруй эмч, мэргэжилтнүүд шинжилгээг авна.
Дүүргийн онцгой комиссоос хороо, дүүргийн болон өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран шинжилгээнд хамрагдах өрх, иргэнийг сонгох, цаг товлох, хариу илгээх үйл ажиллагааг зохион байгуулах юм” гэв.
Тиймээс тус шинжилгээнд хамрагдах иргэдийн цаг, байршлыг тухайн хороо, өрхийн эрүүл мэндийн төвөөс урьдчилан товлож мэдэгдэх тул мэдээлэл ирээгүй бол шинжилгээний цэгт очиж ачаалал үүсгэхгүй байхыг иргэдэд зөвлөлөө.