Видео-ЭМЯ: Коронавирусийн 37 шинэ тохиолдол нэмэгдэж, нийт халдварын тоо 555 боллоо

2020-11-20 Мэдээ мэдээлэл
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НарангэрэлКоронавирусийн халдвар дэлхийн 218 улс бүс нутагт бүртгэгдэж, 55.9 сая хүн өвчилж, 1.3 сая хүн эндсэн байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 594.000 хүн шинээр халдвар авсан нь өмнөх өдөртэй харьцуулбал 52.000 тохиолдлоор, нас баралт 762 хүнээр нэмэгдсэн үзүүлэлт юм. Дэлхий дахинд халдварын тархалт эрчтэй хэвээр байна. 

Манай орны хувьд батлагдсан тохиолдол 555 боллоо. Нийслэл болон 5 аймагт багц халдварын голомт бүртгэгдлээ. Нийслэл хотод өвчлөл гарсантай холбогдуулан ЗӨСҮТ-ийн эмч нар голомтын 2 обьектод 1299 ам талбайг халдваргүйжүүллээ.

Тусгай дугаарын 3 утсанд 4600 иргэн хандаж, мэдээлэл зөвлөгөө авсан байна. Иргэдийн хувьд аль болох эмнэлэгт очихоос татгалзаж тусгай дугааруудаас мэдээлэл зөвлөгөө авах нь нэмэгдэж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны төвийн дарга А.Амбасэлмаа: Өмнөд Судан улсаас ирсэн нэг хүнээс гурав дахь шинжилгээгээр, Алтанбулаг боомтоор ирсэн нэг жолоочоос халдвар илэрсэн. Өчигдөр 17:00 цагаас хойш 37 тохиолдол нэмэгдэж, манай улсад бүртгэгдсэн нийт тохиолдол 555 боллоо. Өөрөөр хэлбэл, өчигдөр улсын хэмжээнд 3,625 шинжилгээ хийхэд 3,588 хүний шинжилгээнд халдвар илрээгүй.

Өчигдөр орой 17:00 цагт мэдээлэл хийснээс хойших шинжилгээний дүнг танилцуулъя.

  • Улаанбаатарт шинээр 15 тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 33
  • Сэлэнгэ аймагт 10 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 51
  • Дархан-Уул аймагт тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 16
  • Дорноговь аймгийн Айраг суманд 1, Замын-Үүд суманд 4 тохиолдол шинээр батлагдаж, нийт тохиолдлын тоо 6 боллоо.

Өчигдрийн 17:00 цагаас хойш нийт 37 тохиолдол шинээр бүртгэгдсэний хоёр нь зөөвөрлөгдсөн бол дотоодын халдвар 35-аар нэмэгдлээ. Улсын бүртгэгдсэн дотоодын халдварын тоо ийнхүү 120 болж байна.

ОБЕГ-ын дарга Г.Ууганбаяр: Гемодиализийн аппаратад орох шаардлагатай хүмүүсийг зохион байгуулалтад орж ажиллаж байна. Орон нутгаас ирсэн хавдартай өвчтөнг нэг чигийн хөдөлгөөн хийж, ХСҮТ-д хүргэсэн. Шаардлагатай цэгүүдэд ажиллаж байна. Орхон аймагт ажилласан баг тухайн орон нутгийн удирдлагатай хуралдаж, чиглэл өгч ажилласан. Гэрийн ажиглалтад шилжсэн иргэд 14 хоногийн тусгаарлалт, халдвар хамгааллын дэглэмээ сайн барихыг анхааруулж байна. 11-р сарын  8-ны өдөр Эмоци продакшны тоглолт үзсэн, 11-р сарын 9-ний өдөр Говь гурван сайхан караокэгоор үйлчлүүлсэн иргэд 119 дугаарт хандана уу.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.