Н.Цогбадрах: Иргэд амны хаалт зүүж хэвшсэн ч халдваргүйтгэл, аюулгүй байдал талаасаа дутагдалтай байна

2020-11-17 Мэдээ мэдээлэл

 

 

ЭМЯ-ны ээлжит мэдээллээр халдвар голомтлон тархаж байгаатай холбоотойгоор ЗӨСҮТ-ийн дарга Н.Цогбадрах мэдээлэл өглөө.

Тэрбээр “Гадаад, дотоод нөхцөл байдал улам хүндэрч, эрсдэл нэмэгдэж байна. Нийслэлд батлагдан гарсан болон сэжигтэй тохиолдлуудын явсан маршрутын дагуу үзвэр, үйлчилгээний газар, дэлгүүр, их, дээд сургуулийн хичээлийн байр, дотуур байр, айл өрх зэрэг нийт 60 гаруй цэгт ариутгал халдваргүйжүүлэлт хийлээ. Өөрөөр хэлбэл, 30 мянга гаруй метр талбайг халдваргүйжүүлээд байна. Мөн нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн тусгай зөвшөөрөлтэй ариутгал халдваргүйжүүлэлт хийдэг компаниудыг мэргэжлийн баг, арга зүйгээр ханган ажиллаж байна.

Түүнчлэн халдвар голомтлон гарсан “Энхсаран” сувиллын гуравдугаар байранд байсан 80 гаруй хүнийг бусад тусгаарлах байр руу шилжүүлэн татсантай холбоотой үлдсэн гурван байранд эцсийн халдваргүйтгэлийг хийсэн. Мөн тэднийг тээвэрлэсэн тээврийн хэрэгсэл, зочид буудал зэрэг газруудад халдваргүйтгэл хийлээ. Халдвар дамжих замыг таслан зогсоох нь маш чухал. Манай байгууллага үүнд голлон оролцож байна. Нөгөө талаар манай байгууллага дээр вирус судлалын гурван лаборатори, нийслэлийн 18 цэгээс авсан танадалт судалгааны сорьцонд шинжилгээ хийж байгаа. Сүүлийн гурван өдөр 1204 хүнд шинжилгээ хийсэн. Бүгд сөрөг гарсан байна. Мөн Сэлэнгэ аймагт явуулын лаборатори шинжилгээ хийхээр үүрээр явсан” гэлээ.

Тэрбээр мэдээллийнхээ төгсгөлд иргэд амны хаалтыг зүүж хэвшсэн ч халдваргүйтгэл, аюулгүй байдал талаасаа дутагдалтай байгааг онцлов. Учир нь амны хаалтны гаднаас барих, олон цагаар зүүх, зүүж хэрэглэсэн амны хаалтаа гэртээ хамаагүй тавих зэрэг бэрхшээл гарч эхэлжээ. Иймээс амны хаалтнаасаа халдвар авахгүй байх үүднээс зөв хэрэглэж заншихыг анхаарууллаа.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.