ЭМЯ: Тээврийн жолоочийн ойр хавьтлын хоёр хүнээс халдвар илэрлээ

2020-11-15 Мэдээ мэдээлэл


Коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс өдөр бүр 11:00, 17:00 цагт иргэдэд мэдээлэл өгч байна.

Өнөөдрийн 11:00 цагийн мэдээллээр Монгол Улсад онош батлагдсан тохиолдлын тоо 428 боллоо. Өчигдөр буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 14-нд нийт 814 хүнд шинжилгээ хийхэд хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрчээ. Шинэ тохиолдлууд нь Улаанбаатарын кластер буюу тээврийн жолоочийн ойрын хавьтлын хүмүүс ажээ. Ингэснээр тухайн голомтын халдварын тоо ес болоод байна.

Мөн өчигдөр шинжилгээ хийгдсэн Дархан-Уул аймгийн 157 хүн, Сэлэнгэд 170 хүний сорьц, ХӨСҮТ-ийн хүлээн авах тасгаар ирсэн 28, тандалтын зорилгоор хийсэн 28 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй байна.

Улаанбаатар хотод бүртгэгдсэн эхний кластер халдварын ойрын хавьтлын 50 хүн, дам хавьтлын 1165 хүнээс халдвар илрээгүй.

Одоогоор Монгол Улсад батлагдсан 428 тохиолдол байгаагаас 328 нь эдгээд байна. ХӨСҮТ-д 163 хүн ажиглалт, тандалт, эмчилгээнд байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.