ЭМЯ: Гурван хүнээс коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 352 боллоо

2020-11-4 Мэдээ мэдээлэл


Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас covid-19-ийн халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит (2020.11.04) мэдээллээ хийлээ.

Сүүлийн хоёр хоногт ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн явуулын авто лаборатори, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид нийт 613 хүнд шинжилгээ хийхэд гурван хүнээс covid-19 илэрлээ. Тодруулбал, аравдугаар сарын 20-нд Энэтхэг улсаас ирсэн хоёр хүний давтан шинжилгээнээс covid-19 илэрсэн байна. Насны хувьд 21 настай эрчүүд ажээ. Мөн арваннэгдүгээр сарын 2-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 33 настай тээврийн жолоочийн давтан шинжилгээнээс covid-19 илэрсэн байна.

Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 352 болж, үүнээс 314 буюу 89.2 хувь нь эдгэрчээ. Нийт 309 хүний ажиглалт, тандалтын хугацаа дууссан. Гэрийн ажиглалтад гурван хүн байна.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 38 хүн эмчлүүлж буй ажээ. Тэдний 30 нь хөнгөн, найман хүний биеийн байдал хүндэвтэр байна гэж ЭМЯ-наас мэдээллээ. Одоо ХӨСҮТ-д 68 хүн ажиглалт тандалтад байгаа бол халдвар авч, эмчлүүлж буй 16 тээврийн жолоочийн 12 нь гадаадын иргэн юм байна.

Харин дэлхийн хэмжээнд коронавируст халдварын 47.8 сая тохиолдол бүртгэгджээ. Үүнээс 1.2 сая хүн эндээд байна. Сүүлийн 24 цагт л гэхэд дэлхий дахинд 428 мянган хүн шинээр халдвар авч, 5,300 хүн нас баржээ. Түүнчлэн COVID-19-ийн тохиолдлын тоогоор АНУ, Энэтхэг, Бразил, ОХУ, Франц зэрэг улс тэргүүлж буй мэдээтэй байгаа юм.

Өнөөдрийн онч үг

20 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.