ЭМЯ: Гурав хоногт 11 хүнээс коронавирус илэрлээ

2020-10-26 Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү “Сүүлийн гурав хоногт ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ аймгийн салбар лабораторит нийт 1189 хүнд шинжилгээ хийхэд 1178 хүнээс вирус илрээгүй. Харин 11 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Тодруулбал, аравдугаар сарын 24-нд Франкфуртаас ирсэн 14 настай хүү, 46 болон 50 настай, хоёр тээврийн жолоочоос, аравдугаар сарын 22-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн найман хүнээс вирус илэрлээ. Эдгээрээс гурав нь ОХУ-ын иргэн, найм нь монгол хүн. Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 339 болж, үүнээс 312 буюу 92 хувь нь эдгэрээд байна.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 27 хүн эмчлүүлж байгаа. Тэдний 20 нь хөнгөн, долоогийнх нь биеийн байдал хүндэвтэр байна” гэлээ.

Мөн тэрбээр “Дэлхий дахинд коронавируст халдварын тохиолдол эргэн ихсэж байгаагийн зэрэгцээ манай улсад ч гаднаас зөөвөрлөгдөн орж ирэх тохиолдлуудын тоо нэмэгдэж буй нь ажиглагдаж байна.

Ялангуяа, Алтанбулаг боомтоор орж ирж буй хүмүүс болон хүнсний бүтээгдэхүүн зөөвөрлөдөг машины жолооч нараас коронавирус илэрч байгаа нь бидний анхаарлыг татаж байна.

Энэ нь биднийг онцгой анхаарч, сонор сэрэмжээ илүү чангатгах шаардлагатайг илэрхийлж байгаа хэрэг” хэмээн хэлсэн юм.

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/719055468695896

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.