ЭМЯ: Коронавирусээр халдварлагсдын 98 хувь нь эдгэрчээ

2020-10-7 Мэдээ мэдээлэл


Коронавирусээр халдварласан нэг хүн эдгэрч дараагийн шатны ажиглалтад шилжиж байгааг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэв.

Тодруулбал, эдгэрсэн иргэн нь Сиатл-Улаанбаатарын тусгай онгоцоор өнгөрөгч сарын 2-нд ирсэн, 57 настай эмэгтэй юм. Ингэснээр Монгол Улсад коронавирусийн бүртгэгдсэн 315 тохиолдлын 308 буюу 98 хувь нь эдгэрээд байгаа юм. Эдгэрсэн хүмүүсээс 10 хүн сувилалд, дөрвөн хүн гэрийн ажиглалтад байгаа бол 294 хүний хяналт, тандалтын хугацаа дууссан байна.

ХӨСҮТ-д одоогоор долоон хүн тус халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байгаагаас зургаан хүний биеийн байдал хөнгөн, нэг нь хүндэвтэр байгаа аж.

Сүүлийн хоёр хоногт улсын хэмжээнд вирус судлалын дөрвөн лабораторид нийт 1 281 сорьцод шинжилгээ хийхэд нэг хүнд коронавирусний халдвар илэрсэн тухай өчигдөр мэдээлсэн. Халдвар илэрсэн иргэн энэ сарын 4-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн 36 настай, эрэгтэй, ОХУ-ын иргэн бөгөөд ачаа тээврийн жолооч аж. Ингэснээр манай улсад одоогоор ачаа тээврийн 16 жолооч коронавирусээр халдварлажээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.