Т.Доржханд: ХҮН-ын тамгыг хуурамчаар ашигласан нь илэрсэн

2020-10-5 Нам хөдөлгөөний амьдрал

Нийслэлийн ИТХ-ын сонгуульд ХҮН-ыг оролцуулахгүй болсон шүүгчийн захирамжийг эсэргүүцэн тус намаас нэр дэвших байсан залуус иргэдийн гарын үсэг цуглуулж эхэлсэн тухай УИХ-ын гишүүн Т.Доржханд өнөөдөр мэдээлэв.

Тэрбээр, “Хуурамч тамга ашиглаж ХҮН-ын өмнөөс хурал хийж 45 хүнийг нэр дэвшүүлэхээр Сонгуулийн хороонд бичиг баримт өгсөн байна. Энэ бичиг баримт нь хуурамч гэдгийг холбогдох эрх бүхий байгууллага нь тодорхойлчихсон. Өөрөөр хэлбэл, хуурамч тамга ашиглан Сүхбаатар дүүргийн шүүхэд гомдол гаргасан, түүнд нь үндэслээд Захиргааны хэргийн шүүгч А.Насандэлгэр сонгуулийн ажлыг цалгардуулсан. Эрх бүхий байгууллага нь хуурамч бичиг баримтыг мэдэгдсэн учраас Захиргааны хэргийн шүүгчийн захирамж үндэслэлгүй болж байгаа юм. Тиймээс Захиргааны хэргийн шүүгч А.Насандэлгэрийн хууль бус захирамжийг яаралтай цуцлуул гэсэн шаардлагыг нийслэлийн Сонгуулийн хороонд тавьж байгаа” хэмээсэн юм.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны сонгуулийн сурталчилгаа эхэлсэн ч ХҮН-аас нийслэлд нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулаагүй. Тодруулбал, ХҮН дотоод зөрчилтэй, бичиг баримтаа дутуу бүрдүүлсэн гэх мэдээлэлтэй байна. “Ардчиллаа хамгаалах, аврах ажлаа эхлүүлэхгүй бол болохгүй нь. Нийслэлийн сонгуульд ХҮН-аас өрсөлдөх байсан 27 залуу ялах эсэх нь 30 дугаар асуудал. Хамгийн чухал нь монгол хүн сонгох, сонгогдох эрхээ баталгаажуулах ёстой. Сонгууль хуулийн дагуу болж, сонгуулиар гарч ирсэн намаа хүлээн зөвшөөрч төрөө удирдуулдаг нийгмийн төлөө бид тууштай байр сууриа илэрхийлж тэмцэх болно” хэмээн УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээллийн үеэр онцоллоо.

Дээрх асуудлаар нийслэлийн Сонгуулийн хорооноос хэвлэлийн бага хурал хийхдээ, ХҮН-ын бүрдүүлсэн бичиг барим бүрэн байгаа ч Захиргааны хэргийн шүүгчийн захирамж ажил гацаасан хэмээн мэдэгдсэн гэдгийг дурдлаа. Тэрбээр нийслэлийн Сонгуулийн хороонд өгсөн ХҮН-ын бичиг баримт нь албан ёсны тамга тэмдэгтэй гэсэн ТЕГ-ын даргын тодорхойлолтыг мэдээллийн үеэр сэтгүүлчдэд үзүүлэв. Харин иргэн С.Зоригтбаатар, О.Бямбадэлгэр нарын Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахдаа ашигласан тамга нь УБЕГ-т бүртгэлгүй, хуурамч гэдгийг хуулийг байгууллага шалгаж дүгнэлтээ танилцуулсан хэмээн УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэлдээ тэмдэглэв. ХҮН-ыг сонгуульд оролцуулахгүй байх шийдвэрийг эсэргүүцэж одоогоор 10 мянга орчим иргэний гарын үсэг цуглуусан бөгөөд цаашид энэ ажил үргэлжилнэ гэв.

Өнөөдрийн онч үг

18 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.