С.Нарангэрэл: Н.Энхбаяртай уулзаагүй ээ

2017-05-16 Нам хөдөлгөөний амьдрал

Тодруулга

-Надад УИХ-ын гишүүн О.Баасанхүү санал тавьсан-

УИХ-д суудалтай намууд Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулан СЕХ-нд бүртгүүлэх хуулийн хугацаа энэ сарын 14-нд дуусгавар болсон. Тус хороо МАН, АН-ын нэр дэвшигчийг бүртгэсэн ч МАХН-аас нэр дэвшсэн Н.Энхбаярыг бүртгэж аваагүй. Учир нь Н.Энхбаярын ялтай хугацаа дуусаагүй, сүүлийн таван жилд эх орондоо байнга оршин суугаагүй нь нэр дэвшихэд саад болж буй юм. Тиймээс МАХН намаасаа өөр нэр дэвшигчийг тодруулахаар болж, намын Гүйцэтгэх товчоо яг одоо хуралдаж байна. Хурлын завсарлагаанаар Гавьяат хуульч С.Нарангэрэлтэй цөөн хором хөөрөлдсөн юм. 

Тодруулбал, тэрбээр “Нэр дэвшигчийг дахин бүртгүүлэх, өөр хүний нэрийг дэвшүүлэх хуулийн хугацаа маргааш дуусгавар болно. Миний хувьд МАХН-аас нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн байгаа. Гэхдээ энэ шийдвэрийг би ганцаараа гаргаагүй. Намын Удирдах албан тушаалтнаас буюу МАХН-аас надтай хоёр ч удаа уулзаж ярилцсан. Эхний удаад нь би бодъё гэж хэлсэн. Харин дахиад уулзахад нь “МАХН-ын цаашид орших, эс оршихыг шийдэх энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ард түмний язгуур эрх ашгийг хамгаалж, хар мөнгөгүйгээр сонгуульд оролцож болдгийг харуулахын тулд нэр дэвшихэд бэлэн” гэдгээ хэлсэн. Өнөөдрийн байдлаар албан ёсоор Н.Энхбаяр даргатай уулзаагүй. УИХ-ын гишүүн О.Баасанхүү, хотын намын дарга нар надтай уулзаж, санал тавьсан” гэв.

О.Соёмбо

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.