Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар хэлэлцэж эхэллээ

2017-05-16 Парламент

УИХ-ын дарга М.Энхболдод өчигдөр УИХ- ын гишүүн, БОАЖ-ийн сайд Д.Оюунхорол “Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг өргөн мэдүүлсэн билээ.

Харин өнөөдөр Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд эцэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар улс төрийн намуудын дарга, удирдлагын хүрээнд зохион байгуулж буй “Үндэсний зөвшилцөл” арга хэмжээ эхэллээ.

Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд үг хэлэв. Тэрбээр “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар манай нам бусад улстөрийн намуудын санал, хүсэлтийг сонсох, зөв чигч байдлаар өөрчлөлт  оруулах ажлыг зохион байгуулахад анхааран ажиллаж байна. Үндсэн хуульд ямар байдлаар өөрчлөлт оруулах бэ гэх асуудлын хүрээнд Зөвлөлдөх зөвлөлөөс  хоёр үе шаттайгаар зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж, ерөнхий саналыг нь УИХ-д өргөн барьсан байгаа” гэв.

Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан уг санал асуулгын талаар хэлэлцүүлэгт оролцогчдод товч мэдээлэл хийж байгаа юм. Үүний дараа нээлттэй хэлэлцүүлэг өрнөх бөгөөд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа хэлэлцүүлгийг хааж үг хэлэхээр төлөвлөсөн байна.

2016 онд Засгийн газраас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг судлах, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Үндсэн хуулийн асуудлаар мэргэшсэн эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн Ажлын хэсгийг байгуулан, 21 аймаг, нийслэлд судалгаа явуулж, хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд Ажлын хэсэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаарх санал дүгнэлтээ гаргасан байдаг.

Улмаар УИХ-аас гаргасан тогтоолын дагуу Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг өнгөрөгч сарын 29, 30-ны өдрүүдэд зохион байгуулж зөвлөмж гаргаснаа УИХ-д хүргүүлсэн. Тэгвэл энэхүү зөвлөмжид үндэслэн Ард нийтийн санал асуулга явуулахаар хуулийн төсөлд өөрчлөлт оруулахаар болжээ.

Улмаар ард нийтийн санал асуулгыг сонгууль болохоос 65 хоногийн өмнө зарлана хэмээн хуульд заасан ч Ерөнхийлөгчийн сонгууль болоход 45 хоног үлдээд байгаа учраас хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулж, хоногийг багасгахаар болсон аж.
О.Соёмбо

Өнөөдрийн онч үг

15 минутын өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.