ЭМЯ: Тусгай үүргийн онгоцоор ирсэн хоёр хүний биеийн байдал хүнд байна

2020-08-31 Мэдээ мэдээлэл

 

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын талаар цаг үеийн ээлжит (2020.08.31) мэдээллээ хийж байна. Улсын хэмжээнд   3429 хүн ажиглалтад байна. Тусгаарлах байранд 301 хүн шинээр орж, 328  хүн гэрийн ажиглалт руу шилжжээ.

 

ЭМЯ-ны Тандалт шуурхай хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

-Цэргийн төв эмнэлэгт тусгай үүргийн онгоцоор ирсэн 61 хүнээс хоёр хүний биеийн байдал хүнд байна. ЭМЯ-ны 24 цагийн 119 шуурхай утсанд 36 дуудлага ирж, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө авсан.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавируст халдварын гаднаас зөөвөрлөгдөж батлагдсан 301 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс 295 буюу 98 хувь нь эдгэж, 29 нь сувиллын ажиглалтад байгаа бол 40 гэрийн ажиглалт руу шилжсэн байна. Мөн 226 хүний ажиглалт тандалтын хугацаа дууссан. ХӨСҮТ-д өнөөдөр коронавируст халдвартай зургаан хүн эмчлүүлж байна. Тэдний биеийн байдал эмнэлзүйн шинж тэмдгээр хөнгөн байна. Тус эмнэлэгт нийт 27 хүн тусгаарлагдаж, ажиглалт тандалтад байна.

БШУЯ-ны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн газрын дарга Ч.Энх-Амгалан ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож, хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан зарим мэдээллийг өглөө.

Тэрбээр “Энэ жил импортоор орж ирэх бараа, материалд бага зэрэг саатал гарсан. Гэсэн хэдий ч 30 сургуулийн өргөтгөл, 45 цэцэрлэгийн барилга болон өргөтгөлийг есдүгээр сарын 1-ний байдлаар ашиглалтад оруулаад байна. Ингэснээр ЕБС-ийн суудлын тоо 14,000 орчмоор, цэцэрлэгийн орны тоо 6,000-аар нэмэгдэж байгаа.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар он дамжин болон шинээр хэрэгжиж байгаа 140 ЕБС-ийн барилга, өргөтгөлийн ажил үргэлжилж байна. Мөн цэцэрлэгийн 171 барилгын ажил үргэлжилж байгаа бөгөөд он дуустал 31 цэцэрлэг, 41 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд 104 барилга байгууламжид засвар үйлчилгээ хийсэн. Улсын дунджаар 92 хувийн биелэлттэй явж байна. 35 сургууль, 26 цэцэрлэг, 8 дотуур байрны их засвар дууссан бол 14 барилгын их засвар есдүгээр сарын эхний хагаст дуусахаар байгаа. 17 барилгын их засварын ажил 2021 он руу дамнан хийгдэхээр болсон.

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын хүрээнд 45 цэцэрлэг, 15 сургуульд тавилга, тоног төхөөрөмж олгох ажлууд хийгдсэн.

Түүнчлэн энэ жил улсын хэмжээнд 3,300 багшид зөөврийн компьютер олгох ажил хийгдэж дууслаа. Цаашид энэ ажил үргэлжилнэ.

Гадаадын зээл тусламжаар томоохон сургуулиуд ашиглалтад орж байгаа. Тодруулбал, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хоёр, Япон улсын буцалтгүй тусламжаар гурван сургууль ашиглалтад орсон. Дахиад таван сургуулийг 10, 11 дүгээр сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Мөн АНУ-ын цэргийн тусламж, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд цэцэрлэг, сургуулийн барилгыг өргөтгөх ажил үргэлжлээд явж байна” хэмээв.

Мөн сөрөг гарсан давтан шинжилгээний хариуг задалбал,

  • 08.11 Праг-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн 248 хүний давтан шинжилгээ
  • Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 34 хүний давтан шинжилгээ
  • Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 1 хүний давтан шинжилгээ
  • Тусгаарлан ажиглах байруудад тусгаарлагдсан 87 хүний давтан шинжилгээний хариу тус тус сөрөг гарч, коронавируст халдвар илрээгүй байна.

     

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.