Д.Нямхүү: Казахстанаас ирсэн нэг хүний давтан шинжилгээний хариу эерэг гарч, 220 тохиолдол бүртгэгдлээ

2020-06-29 Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийж байна.

Манай улсын хэмжээнд 2710 иргэн ажиглалтад байгаа аж. Тусгаарлах байранд 87 хүн шинээр орж, 16 хүн гэрийн ажиглалт руу шилжжээ.

ЭМЯ-ны 24 цагийн 119 шуурхай утсанд нийт 159 дуудлага ирсэн байна. Тодруулбал, БНСУ болон Казахстанаас манай улсын хоёр иргэн холбогдож, коронавируст халдварын талаар эмнэлзүйн зөвлөгөө авчээ.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхий дахинаа 10,228,000 хүн өвчилж, 503,000 хүн энэ өвчний улмаас эндлээ. Өвчилсөн хүмүүсээс 5.5 сая нь эдгэрсэн бол 4.1 хүн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байна. Сүүлийн 24 цагт 150,000 гаруй хүн шинээр халдвар авч, 3,000 гаруй хүн нас барлаа.

АНУ, Бразил, Энэтхэг улсууд шинэ халдварын тоогоор тэргүүлсээр байгаа. Мөн Зүүн Европын 30 оронд хөл хориог сулруулсантай холбоотойгоор халдвар нэмэгдсэн тул 11 орон буцаад хөл хорионы дэглэмээ чангаруулах арга хэмжээ авч байна.

ОХУ-д 6,791 хүн шинээр халдвар авч 104 хүн эндсэн. Манай улсын хил залгаа бүс нутгуудад халдвар нэмэгдсээр байгаа. Эрхүү мужид сүүлийн 14 хоног халдварын тоо тасралтгүй өссөөр байна. Тувад өмнө сар гаруй хугацаанд халдвар нэмэгдсээр байгаа.

Манай улсын хувьд өчигдөр 87 хүн шинээр ажиглалтад орж, 16 хүн гэрийн тусгаарлалтад шилжлээ. Одоо ажиглалтад 2,710 хүн байна. Үүргийн онгоцоор ирсэн 78 хүн Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Үүнээс 51 хүн архаг хууч өвчтэй бөгөөд 5 хүний биеийн байдал хүнд байна” гэдгийг хэллээ.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү өнгөрөгч өдрүүдэд хийсэн тус халдварыг илрүүлэх шинжилгээний хариунуудыг танилцууллаа.

Тэрбээр “ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 216 хүнд шинжилгээ хийхэд 215-д нь коронавирус илрээгүй. Харин нэг хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тухайн  иргэн нь энэ сарын 10-нд Нурсултан-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн. Тухайн иргэний гурав дахь давтан шинжилгээгээр илэрсэн. Тэрбээр нислэгээр ирээд 19 хоногийн дараа ийнхүү коронавирусийн халдвар авсан болох нь илэрч байна.

Энд нэг зүйлийг хэлэхэд, Нурсултан-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн иргэдээс нийт 10 хүнд коронавирусийн халдвар илрээд байна. Ингээд манай улсад нийт батлагдсан 220 тохиолдлоос 175 хүнийг эмчилж, эдгээсэн. Одоо эмчилгээнд 45 хүн байгаагийн биеийн байдлыг үнэлбэл, 36 нь хөнгөн, 9 нь хүндэвтэр байгаа” гэв.

COVID-19-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.06.29-НИЙ 11:00 ЦАГ

COVID-19-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.06.29-НИЙ 11:00 ЦАГ

Posted by Эрүүл Мэндийн Яам on Sunday, June 28, 2020

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.