ЭМЯ: Казахстанаас ирсэн хоёр иргэнээс коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 215 боллоо

2020-06-23 Мэдээ мэдээлэл

Коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, ХӨСҮТ-ийн холбогдох эх сурвалжаас ээлжит мэдээллээ хийж байна.Тус яамны мэдээлснээр орон нутгийн 17 чиглэлийн галт тэргэнд тандалт судалгааны зорилгоор 5000 гаруй хүнд хийсэн шинжилгээнээс коронавируст халдварын сэжигтэй тохиолдол илрээгүй. Гэсэн ч иргэдийн зүгээс хүмүүс олон нийтийн газар, нийтийн тээвэрт амны хаалтаа зүүхгүй байна гэх гомдол, шүүмжлэл ирүүлснийг ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл онцлов.

Тэрбээр “Шинэ коронавирусийн халдвараар дэлхий дахинаа 9,186,000 хүн өвчилж 473,000 хүн нас барсан бол 4.9 сая хүн эдгэрч, 3.7 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт өвчлөл болон эндэгдэл өмнөх хоногоос өссөн.

Өчигдөр ДЭМБ-ын ээлжит хэвлэлийн хурлын үеэр өндөр хөгжилтэй орнуудад өвчний халдварын тархалт эрчтэй байгааг танилцуулаад ялангуяа АНУ-д залуусын дунд халдвар голомтлон тархаж байгаа нь санаа зовоох асуудал гэдгийг онцлон мэдэгдсэн.

ОХУ-д сүүлийн 24 цагт 7,600 хүн шинээр өвчилж, 95 хүн нас барсан байна. Манай хил залгаа бүс нутнуудад өвчлөл нэмэгдсэн хэвээр байгаа. Эрхүү, Тувад сүүлийн сар гаруйн хугацаанд өвчлөл тасралтгүй өссөөр байна.

Манай улсын хувьд сүүлийн 24 цагт 119 дугаарт 161 дуудлага ирсэн бол шуурхай аппликейнээр гадаад орнуудаас 9 иргэн холбогдож мэдээлэл, зөвлөгөө авсан байна” гэв.

Мөн ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү өнгөрөгч хоногуудад хийсэн шинжилгээний хариунуудыг танилцууллаа.

Тэрбээр “Зургаадугаар сарын 22-ны өдөр дөрвөн лабораторид нийт 426 хүн шинжилгээ хийхэд, үүнээс 424-т нь коронавирус илрээгүй. Харин хоёр шинжилгээнд коронавирус илэрлээ. Нурсултан-Улаанбаатартын онгоцоор ирсэн 26, 31 настай хоёр хүний давтан шинжилгээнд вирус илэрсэн тул ХӨСҮТ-ийн эмчилгээнд шилжлээ. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн байдлаар манай улсад хоёр хүний давтан шинжилгээнд коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 215 боллоо.

ХӨСҮТ-д одоогийн байдлаар 106 хүн тандалт, эмчилгээнд байна. Манай төвийн эмч нар АНУ-аас маргааш ирэх тусгай нислэгийг хүлээн авах бэлтгэлээ хангаж байна.” гэв.

COVID-19-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.06.23-НЫ 11:00 ЦАГ

COVID-19-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.06.23-НЫ 11:00 ЦАГ

Posted by Эрүүл Мэндийн Яам on Monday, June 22, 2020

 

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.