Эрүүл мэндийн яам/ЭМЯ/-наас шинэ коронавирусийн тархалттай холбоотой ээлжит мэдээллээ хийлээ.
ЭМЯ-НЫ ТАНДАЛТ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ДАРГА Д.НАРАНГЭРЭЛ:
Дэлхийн 215 улсад “Сovid- 19”-ийн халдвар тархаж, дөрвөн сая гаруй өвчлөл бүртгэгдээд байна. Монгол Улсад батлагдсан 42 тохиолдол бүртгэгдсэний 13 нь эдгэрч эмнэлгээс гарсан бол 29 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. Одоогоор 983 хүн ажиглалтад байгаа юм. Мөн 15 чиглэлийн 11 эмч ажилтан 4280 гаруй хүн тандалт судалгаа хийсэн. Өнөөдрийн байдлаар манай улсад сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.
ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Д.НЯМХҮҮ:
Өчигдрийн байдлаар нийт 66 хүнд шинжилгээ хийгдсэн. Үүнийг задалбал, тандалтын зорилгоор цуглуулсан 18 ийлдсэнд шинжилгээ хийхэд Covid-19 илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан дөрөв, ажиглах байранд тусгаарлагдсан 22 хүний давтан шинжилгээнээс Covid-19 илрээгүй. Дархан-Уул аймгийн лабораторид Алтанбулагийн боомтоор орж ирсэн 22 жолоочид шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Өнөөдөр нэг хүн эдгэрч ХӨСҮТ-ээс дараагийн дараагийн хяналтад шилжлээ. Энэ хүн 48 хоног ХӨСҮТ-д эмчлэгдээд гарлаа. Дараагийн хяналтын үед нь давтан шинжилгээг авч хянах юм.
Мөн өвчилсөн хүмүүс дунд голчлон оюутнууд бий.
Дээд тал нь 64 настай хүн байна. Биеийн байдлын хувьд тогтвортой ч тийм хурдан үр дүн гарахгүй гэдгийг та бүхэн ойлгох байх. Хатгаатай, хавдартай, жирэмсэн буюу эрсдэлт бүлгийн хүмүүс халдвар авсан байгаа нь түвэгтэй боловч бид эмчилгээ, үйлчилгээнд онцгой анхаарч ажиллаж байна. Түүнчлэн шинж тэмдэг тодорхой илэрсэн хүмүүс байгаа. Урьд нь хэд хоног дараалан халуурсан хүний талаар мэдээлсэн. Тухайн иргэний халуун буурч биеийн байдал тогтвортой байна. Халдвар авсан оюутнууд голцуу 19-20 насныхан байгаа. Үүнээс гадна 34,45 настай хүмүүс байна. Хамгийн гол нь бүхий л насны хүмүүс өртөж байгааг анхаарах хэрэгтэй.
ЭМЯ-НЫ ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ДАРГА Б.ЯНЖМАА:
Covid-19 халдварын тархалтын идэвхжил Европоос ОХУ-д өндөр байгаа бол Өмнөд Америк тивд Бразильд өндөр байна. ОХУ-д халдвар авсан хүний тоо 188 мянгад хүрч, 1723 хүн нас барсан бол Бразильд халдварын тохиолдол 145 мянга гарч, нас барсан хүний тоо 9800 давжээ.
БНСУ-ын Сөүл хотын Итэвон дүүрэгт голомтын халдвар үүссэн байж болзошгүй. Шинж тэмдэггүй өвчилсөн нэгэн иргэн дөрвөн цагийн дотор таван баар, хоёр дэлгүүрээр үйлчлүүлжээ. Мөн түүний очсон шөнийн клубээр үйлчлүүлсэн 15 хүн халдвар аваад байна. Тухайн иргэний зам мөрийг гаргаж, үйлчлүүлсэн хүмүүст гэртээ өөрийгөө тусгаарлах зөвлөгөө өгсөн байна. Тухайн газруудаар үйлчлүүлсэн иргэдийг төлбөрийн карт зэргээр илрүүлэх ажил явагдаж байгаа бөгөөд одоогоор 1500 гаруй хүнийг тогтоогоод байна. Тус улсын эрх баригчид баар, шөнийн клубийг сайн дурын үндсэн дээр үйл ажиллагаагаа зогсоохыг зөвлөсөн байна.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87433
30721
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.