ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа бусад улс оронд тус цар тахлын нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээллээ.
Тэрбээр “ОХУ-д өчигдөр 11 мянга 200 тохиолдол илэрлээ. Тохиолдлын тоогоороо манай хойт хөрш дэлхийд эхний тавдугаар байранд бичигдэж байна. Улмаар хөл хориог Москва хотод энэ сард үргэлжлүүлэх шийдвэр гаргажээ. Мөн Бразил улсад шинээр 615 нас баралт, 10.5 мянган шинэ тохиолдол илэрлээ. Халдвар эрчтэй илэрч байгаа ч удирдлагуудын зүгээс хөл хориог сулруулах санал гаргасан байна. Харин Япон улсад үндэсний хэмжээнд 95 шинэ тохиолдол, 13 нас баралт бүртгэгдсэн нь сүүлийн өдрүүдийн хамгийн бага тохиолдол боллоо. Пүрэв гарагийн байдлаар Япон улсын хэмжээнд нийт 304 иргэн хүнд явцтай байна гэж мэдээллээ.
Харин ХБНГУ болон БНСУ зэрэг халдварын тархалтын харьцангуй амжилттай хязгаарлаж чадсан улс орнуудын зүгээс COVID-19 халдварын хоёр дахь давлагаа гарч болзошгүй талаар сэрэмжлүүллээ.
ХБНГУ-д шинэ халдварын тоо буурсаар байгаа ч халдвар дахин давалгаалж болзошгүйг анхааруулсан. Харин БНСУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс вакцин эсвэл үр дүнтэй эм гараагүй цагт энэ өвчний тархалтыг бүрэн хянах боломжгүй тул хоёр дахь давлагаа гарах нь цаг хугацааны асуудал юм гэж олон нийтэд анхааруулсан байна.
Мөн ДЭМБ-аас хийсэн шинэ тооцооллоор Африкийн улс орнууд халдварын тархалтыг хязгаарлах тогтоон барих чиглэлээр ямар нэг арга хэмжээ авахгүй бол цар тахлын эхний жилд 29-44 сая хүн халдвар авч, 83-190 мянган хүн нас барах эрсдэлтэйг анхааруулжээ” гэв.