Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2020-05-7 Парламент

УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.05.07) нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 7 гишүүний санаачилсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Батзандан, С.Бямбацогт, Х.Нямбаатар, Д.Оюунхорол, Б.Саранчимэг, Я.Санжмятав, Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн нар санаачлан боловсруулж өргөн мэдүүлснийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Энэ үндсэн дээр Байнгын хорооны өнгөрсөн сарын 28-ны өдрийн хуралдаанаар хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дараагийн шатны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбатаар ахлуулан байгуулж ажиллуулахаар шийдвэрлэсэн юм.

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Мөнхбат танилцуулав. Төрийн байгуулалтын байнгын хороо 05 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналыг нэгбүрчлэн хэлэлцсэн байна. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул Төрийн байгуулалтын байнгын хорооны дэмжсэн 33, дэмжээгүй 2 зарчмын зөрүүтэй саналын томъёолол болон найруулгын 5 саналаар нэгбүрчлэн санал хураалт явуулсан шийдвэрлэв.

Тухайлбал, төслийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалтыг “13.1.2.гишүүний асуулт асуух хугацаа 4 минутаас илүүгүй, нэмэлт асуулт асуух хугацаа 1 минутаас илүүгүй байх бөгөөд хариулт, тайлбар хангалтгүй гэж тухайн гишүүн үзвэл 1 минутаас илүүгүй хугацаагаар нэмэлт асуулт асууж, тайлбар авах;” хэмээн өөрчлөн найруулахыг гишүүдийн олонх дэмжсэн. Мөн төслийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсгийг “Гишүүн энэ хуулийн 9.5-д заасан нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр тогтсон асуудлыг хойшлуулах, дараалал өөрчлөх, асуудал нэмэх горимын санал гаргах бол Улсын Их Хурлын даргад нэгдсэн хуралдааны өмнөх өдрийн 17.00 цагаас өмнө үндэслэл бүхий саналаа бичгээр ирүүлнэ.” хэмээн өөрчлөхийг, төслийн 13 дугаар зүйлд “13.5.Хуралдаан даргалагч тухайн өдрийн хуралдааныг нээж, хэлэлцэх асуудалтай холбоотой гишүүнээс ирүүлсэн горимын саналыг танилцуулж, тухайн асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ. Энэ талаар хэлэлцүүлэг явуулахгүй.” гэсэн агуулгатай хэсэг нэмж, төслийн дугаарлалтыг өөрчлөхийг дэмжсэн юм.

Төслийн 13 дугаар зүйлийн 13.18 дахь хэсэг, төслийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсгийг хасах, төслийн 66 дугаар зүйлийн 66.2 дахь хэсгийг тус тус хасахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Төслийн 100 дугаар зүйлд “100.7.Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тогтоолыг баталсантай холбогдуулан шаардлагатай бол уг тогтоолд нийцүүлэн зохих хууль, бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төсөлд өөрчлөлт оруулах асуудлыг Улсын Их Хурал энэ хуульд заасан журмаар хэлэлцэн шийдвэрлэнэ.” гэсэн агуулгатай хэсэг нэмэхийг мөн дэмжсэн юм.

Ийнхүү үдээс өмнөх хуралдааны төгсгөлд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Өнөөдрийн онч үг

11 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.