Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдвар дэлхийн 215 улс, бүс нутагт бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар дэлхийд нийт 3.8 сая хүн халдвар авч, 264.000 гаруй хүн нас баржээ. 2.2 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Өвчлөл тууштай буурахгүй байгаа бөгөөд дөрөвдүгээр сараас хойш өдөр бүр 80.000 гаруй хүн халдвар шинээр авчээ.
Манай улсын хувьд, халдварын 41 тохиолдол бүртгэгдсэн нь бүгд гадаад улсаас зөөвөрлөгдөн ирсэн. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 28 хүн эмчлүүлж байгаа юм байна.
Эдгээр мэдээллийн талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Сүүлийн 24 цагийн хугацаанд гадаадын есөн орноос манай улсын 30 иргэн утсаар холбогдож зөвлөгөө мэдээлэл авсан. Мөн Чингэлтэй дүүрэгт сургуулилт зохион байгуулж байгаатай холбоотой мэдээлэл авах дуудлагууд ирж байгаа.
Үзүүлэх сургуулилалтын удирдагчаар ЭМ-ийн сайд ажиллаж байна. Сургуулилалтын үеэр сургалтууд цахимаар явж байгаагаараа онцлог” гэдгийг тодруулав.
Манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх болон шинжилгээний хариуг танилцуулж ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө.
Тэрбээр “Өчигдөр гурван лабораторид 147 хүний биеэс авсан сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Шинжилгээнд хамрагдсан хүмүүсийг задалж хэлбэл, ХӨСҮТ-д тусгаарлагдсан тав, ажиглах байруудад тусгаарлагдсан 19, Дорноговь аймагт тусгаарлагдаж байгаа 58, Дорнод аймагт тусгаарлагдсан 7, Сэлэнгэд тусгаарлагдсан 6 нийт 95 хүний давтан шинжилгээг хийхэд коронавирус илрээгүй. Мөн тандалтын зорилгоор хийсэн 21 шинжилгээнээс коронавирус илрээгүй.
Дархан-Уул аймгийн лабораторид ачаа тээврийн 31 жолоочоос авсан сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.
Үзүүлэх сургуулилалтад ХӨСҮТ-ийн 200 гаруй эмч ажилчид бэлэн байдлаа ханган оролцож байгаа. Халдварт өвчин гэдэг утгаараа ЭМЯ толгойлж ажилладаг. Тэр зарчмаар явж байна. Цагдаа, тагнуул, мэргэжлийн хяналт, онцгой байдлын байгууллага харилцан дэмжиж ажиллаж байгаа” гэв.
Дэлхий дахинд нөхцөл байдал ямар байгаа талаар Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээлэл хийлээ.
Тэрбээр “ОХУ-д сүүлийн 4 өдөр дараалан өдөрт 10.000 хүн коронавирусийн халдвартай гэж оношлогдож байна. Өчигдөр тус улсад 10.500 гаруй шинэ тохиолдол, 95 нас баралт нэмж бүртгэгджээ. Ингэснээр тус улсын нийт тохиолдлын тоо 165.000 гаруй боллоо. Эндсэн хүний тоо 1537 болж өсчээ.
Харин Бразиль улсад өчигдөр 10.500 гаруй тохиолдол, 600 гаруй нас баралт шинээр бүртгэгджээ. Тус улсад бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 126.000 гаруй болжээ.
Халдварын тархалт цар тахлын хэмжээнд байсан Итали, Франц, Испани, Иран зэрэг улсад халдварын тархалт аажмаар буурч байгаа чиг хандлага ажиглагдсан хэвээр байна. Гэсэн ч сүүлийн 24 цагийн хугацаанд шинэ халдварын тохиолдлын тоо, эмнэлэгт шинээр эмчлүүлэх хүний тоо дээрх 4 улсад дахин огцом өсчээ. Үүнийг хөл хориог сулруулж, хүмүүсийн хөдөлгөөн, нягтрал нэмэгдсэнтэй холбоотой гэж тайлбарлаж байна.
Испани улсын хувьд онц байдлыг хугацааг дахин 14 хоногоор сунгажээ. Үүнтэй холбогдуулж ДЭМБ-аас ээлжит хэвлэлийн хурлын үеэр “Дэлхийн олон улс орнууд хөл хориог сулруулж, цуцалж байна. Ингэхдээ туйлын анхааралтай, нямбай хандах ёстой” гэж анхааруулжээ. Танадалтыг хяналтдаа авах, бэлэн байдлын тогтолцоог бүрдүүлж байж хөл хориог сулруулахгүй бол эргээд богино хугацааны дараа дахин хөл хориог мөрдүүлэх шаардлага үүсэх эрсдэлтэй талаар ДЭМБ-аас анхааруулж сануулжээ.
Хятадын Хубэй мужийн Ухань хотод нийтдээ 120 гаруй сургуулийн хичээлийг хэсэгчилсэн байдлаар эхлүүлжээ. Их сургуулд элсэх, шалгалтад бэлтгэх шаардлагын үүднээс эхний ээлжинд ахлах ангийн буюу төгсөх ангийн сурагчдын хичээлийг эхлүүлсэн байна.
Европ тивд Герман улсад нийгэм, эдийн засгийн үйл ажиллагааг үе шаттайгаар сэргээх арга хэмжээ авч эхэлжээ. Энэ талаар мэдээлэл хийхдээ хүмүүс хоорондоо 1.5 метрээс харилцах арга хэмжээг 06 сарын 05-н хүртэл үргэлжлүүлэн мөрдүүлж, бусад хязгаарлалын арга хэмжээг үе шаттайгаар сулруулах төлөвлөгөөгөө танилцуулжээ. Тухайлбал, цаашид талбайн хэмжээнээс үл хамааран бүх дэлгүүр, худалдааны худалдааны эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээж, хичээл сургуулийг 5 сардаа багтаан эхлүүлнэ гэж мэдэгджээ. Ингэхдээ тодорхой бүс нутагт 100.000 хүн амд ногдох халдварын тохиолдол 7 хоногийн хугацаанд 50 дээш гарсан нөхцөлд хязгаарлалын арга хэмжээг дахин мөрдүүлнэ гэж сануулжээ.
Чех улсад сүргийн дархлаа буюу ард иргэдийн дунд халдварын эсрэг дархлаа бий болсон эсэхийг тогтоох зорилгоор 4 өөр орон нутгаас эрүүл ямар нэгэн шинж тэмдэггүй, 26.500 гаруй хүнийг санамсаргүй түүврийн аргаар сонгож, эсрэг бие илрүүлэх шинжилгээ хийжээ.
Ингэхэд судалгаанд хамрагдсан хүмүүсээс ердөө 107 хүнд ковид 19 халдварын эсрэг бие үүссэн нь тогтоогдсон тул хүн амын дундах дархлал тогтоцын түвшин маш бага байна гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, хүн болгон халдварт өртөх эрсдэл өндөр байгааг үүгээр давхар судалж байна гэж мэдээлжээ” гэлээ.
Мөн энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомтод одоогоор тус иргэнийг тусгаарласан. Шинжилгээний сорьц өнөөдөр үүрээр ХӨСҮТ-д ирсэн. Тувагаас ирсэн есөн оюутны хариу сөрөг гарсан” гэдгийг тодрууллаа.
(COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.05.07-НЫ 11:00 ЦАГ
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.05.07-НЫ 11:00 ЦАГ
Posted by Эрүүл Мэндийн Яам on Wednesday, May 6, 2020
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87433
30721
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.