Видео: УОК-ын Шуурхай штабаас мэдээлж байна

2020-05-5 Засгийн газар

 
Улсын Онцгой Комиссын Шуурхай штабаас чартер нислэг, СOVID-19-өөс сэргийлэх зорилготой үзүүлэх сургууль зохиох болон бусад асуудлаар мэдээлэл хийж байна. 

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Бид 28 улсаас 800 иргэнийг татан авах үйл ажиллагааг зохион байгууллаа. 28 улсад суугаа элчин сайдын яам, консулын газрын албан хаагчдын хичээл зүтгэлийг энд мөн дурдах хэрэгтэй. Татан авах ажиллагааны баг нэгийг нь баярлуулж нөгөөг нь гомдоох хэцүү сонголттой  нүүр тулж байдгийг хэлье. Өнгөрсөн нислэгүүдээр гадаад улсаас өөрийн иргэнээ татахаас гадна, манай улсад гацсан 24 улсын 132 иргэн мөн эх орондоо буцсан. Дараагийн нислэгийг Турк болон Энэтхэг улс руу хийхээр төлөвлөж байна. Одоогоор манай улсын 10 мянга 76 хүн эх орондоо ирэх хүсэлтийг холбогдох албаныханд хүргэсэн. Тиймээс бид ойрын хугацаанд төлөвлөгөө гарган ажиллаж байна” гэв.

Энэ үеэр МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат мэдээлэл өгөв. Тэрбээр “Өнгөрөгч хэдэн өдрүүдэд бар, караоке гэх мэт үйлчилгээний газруудыг нээсэн боловч сөрөг үр дагавар олон гарлаа. Дээрх газрууд хувийн бэлтгэлээ бүрэн хангаагүй байсан учраас ийм үр дүн гарсан. Иймд сургалтын төвүүд үүдээ нээхээс өмнө эхлээд өөрсдөө бэлтгэлээ хангах ёстой. Эхний ээлжинд нэг удаад арав хүртэл тооны сурагчид л хичээл заахыг зөвшөөрнө. Гэвч 15 м кв жижиг өрөөнд 10 хүүхэд суулгаж болохгүй.

Мөн “Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр Боловсролын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 139 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулна. Тодруулбал, 2020 оны есдүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үйл ажиллагааг нь зогсоосон боловсролын байгууллагуудын жагсаалтаас “сургалтын төв”-ийг хасч тус тогтоолд Засгийн газрын хуралдаанаар өөрчлөлт оруулснаар УОК-ын тогтоол хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ” гэв.

Өнөөдрийн байдлаар мэргэжлийн анхан шатны ур чадвар олгох 414, гадаад хэлний сургалтын 255, жолоочийн мэргэшил олгох 419 гээд улсын хэмжээнд Бүртгэлийн гэрчилгээ авсан нийт 1088 сургалтын төв үйл ажиллагаа явуулдаг байна.

Сургалтын төвүүд ямар бэлтгэл хангасан байх ёстой вэ?

-Сургалтад хамрагдах хүүхдүүдийг иргэний үнэмлэхийн дагуу нэг бүрчлэн бүртгэнэ.

-Хоёр цаг тутам анги танхимд агааржуулалт хийнэ.

-Нэг удаад арав хүртэл тооны сургагчийг л хамруулна.

-Анги бүрт гар ариутгагч байрлуулсан байна.

-Биеийн халуун үзнэ.

-Хүн бүр амны хаалт зүүнэ.

-Аль болох цахим сургалт хийнэ.

-Ширээг 1-1.5 метрийн зайтай байрлуулна.

-Богино цагаар хичээллэнэ.

-Хичээлийн хэрэгслийг дамжуулж хэрэглэхгүй.

-Сандал, ширээ, самбар, номын ширээ зэрэг хатуу гадаргууг ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор 2 цаг тутам цэвэрлэнэ.

-Анги танхимд гадуур хувцас өлгөхгүй, сэгсрэхгүй.

-Анги танхимд хооллохгүй.

-Урьдчилан сэргийлэх санал, зөвлөмжийг ил байршуулсан байх шаардлагыг УОК, ЭМЯ-аас тавив. Эдгээр шаардлагыг биелүүлсэн сургалтын төвүүдийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь нээх юм.

ШУУД ҮЗЭХ: 

 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.