Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа

2020-04-24 Парламент

УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.04.24) нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн оны 10 дугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Мөнхбаатар “Их засаг” танхимаас танилцуулав. Ажлын хэсэг төслүүдийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг болон хуулийн нэр томьёоны найруулгын саналыг төсөлд тусган жигдэлж, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төслүүдэд нэмж тусган төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос зарчмын зөрүүтэй хоёр санал гаргасныг дэмжив, мөн нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 77.6 хувийн саналаар Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд нь баталлаа. Түүнчлэн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг эцэслэн батлав.

Үргэлжлүүлэн Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Барилгын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулав.

Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасны дагуу Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдааны эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад төслийн зарим зүйл, заалт хоорондоо, эсхүл мөрдөж байгаа хууль тогтоомжтой зөрчилдсөн нөхцөл байдал тогтоогдсон тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасны дагуу дээрх хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан байна.

Байнгын хорооноос эдгээр хуулийн төслийг хэлэлцэх явцад гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг дэмжжээ. Ингээд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах Байнгын хорооны горимын саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжсэн бөгөөд хуулийн төслүүдийг бүхэлд нь батлах санал хураалт явуулж дэмжлээ.

Дараа нь Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан “Эзэн Чингис хаан” танхимаас танилцуулав. Байнгын хорооны ажлын хэсэг хуулийн төслүүдийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг болон хуулийн нэр томьёоны найруулгын саналыг төсөлд тусган жигдэлж, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төслүүдэд нэмж тусган, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хуулийн төслүүдийг бүхэлд нь батлахыг дэмжлээ.

Өнөөдрийн онч үг

22 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.