Д.Нямхүү: ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг иргэнээс коронавирус илэрч, 33 дахь тохиолдол бүртгэгдлээ

2020-04-20 Мэдээ мэдээлэл

 

 

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хүргэж байна.

Өнгөрөгч 24 цагийн хугацаанд коронавирусийн халдвар дэлхийн 213 улсад бүртгэгдэж, 2.4 сая хүн өвчилжээ. Үүнд, манай хойд хөрш буюу ОХУ-д өвчлөл хурдацтай нэмэгдэж буй мэдээтэй байна. Тус улсад хоногт 6000 гаруй тохиолдол бүртгэгдэж, 24 цагийн дотор 41 хүн нас баржээ. Өвчлөгсдийн 60 хувь нь 45 хүртэлх насны залуус бөгөөд шинж тэмдэг хөнгөн балархай хэлбэрээр байна гэв. Иймд эмнэлгийн эмч ажилчдад хамгаалах хэрэгсэл, хувцас нэн шаардлагатай байгаа аж. Одоогоор 1.6 сая хамгаалах хэрэгсэл хувцсыг БНХАУ-аас импортлохоор болжээ.

ОХУ-аас цогц долоон зөвлөмжийг гаргасан байна. Үүнд:

  1. Амны хаалт зүүх
  2. Гараа сайтар савандаж угаах
  3. Зайнаас харьцах
  4. Агаарын сэлгэлт хийх
  5. Дэлгүүрээс худалдан авалт хийхдээ хатуу хайрцаг, төмөр, пластик эд зүйлийн гадна талыг савантай бүлээн усаар сайтар арчих
  6. Ногоо, жимсийг 10-15 минут бүлээн усанд хийн дахин зайлж хэрэглэх
  7. Хоолны ширээ, плитка зэрэг хатуу гадаргууг бүрэн сайн цэвэрлэж халдваргүйжүүлэхийг зөвлөжээ.

Манайх ч бас иргэддээ энэхүү зөвлөмжийг өгч байгаа учраас анхааралтай байхыг салбар яамнаас зөвлөж байна. Манай улсын хувьд, ажиглалтад 1229 хүн байгаа аж. Ажиглалтаас дөрвөн хүн гарчээ. Эмнэлгийн ажиглалтад буй хавдрын өвчтэй долоон хүнээс шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Эмнэлгийн ажиглалтад байгаа гурван хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлжээ. Гадаадын 17 орноос 98 иргэн зөвлөгөө авчээ. Одоогоор 13 хүн өвчилсөн байна. Гэхдээ биеийн байдал нь хэвийн байгааг холбогдох албаныхан онцлов.

Түүнчлэн Гадаад харилцааны яамны мэдээлснээр Ирландад 4, ОХУ-д гурван хүн өвчилжээ. Ирландад өвчилсөн дөрвөн хүн энэ сарын 17-нд давтан шинжилгээ өгчээ. Одоогоор шинжилгээний хариугаа хүлээж буй хүмүүс ажил төрлөө хэвийн үргэлжлүүлж байгаа аж.

(COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.04.20-НЫ 11:00 ЦАГ

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.04.20-НЫ 11:00 ЦАГ

Posted by Эрүүл Мэндийн Яам on Sunday, April 19, 2020

 

Өнөөдрийн мэдээллээр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “2020 оны дөрөвдүгээр сарын 19-нд буюу өчигдөрМонгол Улсын хэмжээнд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Сайн мэдээ дуулгахад ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа хүмүүсээс нэг хүн эдгэрч, дараагийн тусгаарлалтад шилжлээ. Өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой байна. Зарим нь сайжирч байна. Хэд хэдэн хүн уушгины хатгаатай байгаа. Эмч нар хяналт, шинжилгээгээ үргэлжлүүлж байна.

Өчигдөр хоёр лабораторид 76 хүний шинжилгээ хийгдсэн. Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 55 хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор 4 хүнд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 17 хүнээс шинжилгээ авахад нэг хүнээс коронавирус илэрлээ. Халдвар илэрсэн иргэн нь ОХУ-аас Алтанбулагийн боомтоор орж ирсэн Төмөр замын дээд сургуулийн оюутан. Ингэснээр 33 дахь тохиолдол бүртгэгдлээ” гэсэн мэдээллийг өглөө.

Мөн ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа Бид дөрөвдүгээр сарын 12-нд оюутнуудыг хүлээн авсан. Хамгийн сүүлийн тохиолдол гурав дахь удаагийн шинжилгээгээр илэрлээ. ОХУ-д сурч байсан оюутнуудад тандалт хийж байна. Өвчлөл гарсан сургуулийн 24 оюутныг тусгаарласан. Мөн халдвар авсан байх эрсдэлтэй хүмүүс байна. Эдгээр хүмүүсээс шинжилгээг 2-3 удаагийн давтан шинжилгээ авч байна. Дахин авна” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.