Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжив

2020-04-16 Парламент

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ.

Өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүл мэндийн тухай хуульд сум дундын эмнэлэг, уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, мөн цөөн төрлийн мэргэшлээр амбулаторийн болон хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа хувийн хэвшлийн эмнэлгийн статус тодорхойгүй байгаа аж. Тухайлбал, Засгийн газар Япон Улсын буцалтгүй тусламжаар сургалтын эмнэлгийг байгуулан Их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бий болгохоор ажиллаж байгаа бөгөөд их сургуулийн эмнэлгийн асуудлыг тодорхойлсон хуулийн заалт байхгүй юм. Түүнчлэн төрөлжсөн мэргэшлийн тусламж, үйлчилгээг зөвхөн Эрүүл мэндийн яамны харьяа цөөн эмнэлэг үзүүлэхээр хуульчилсан хязгаарлагдмал зохицуулалттай байна. Иймд үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн тусламж, үйлчилгээг бүсчилсэн хөгжлийн бодлоготой нийцүүлэх, өрсөлдөөнийг дэмжих зорилгоор дээрх хуулийн төслийг боловсруулснаа Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл танилцуулав.

Хуулийн төсөлд эрт илрүүлэх үзлэгийг зохицуулах акт боловсруулж, эмгэг судлалын эд эсийн шинжилгээ, нас барагчийн цогцсыг сургалт, судалгааны зорилгоор ашиглах харилцааг зохицуулах заалт тусгасан байна. Үйлчлүүлэгчийн хувь хүний нууцтай холбоотой эрүүл мэндийн мэдээ мэдээлэл шаардах, дарамтлах, зөвшөөрөлгүйгээр олон нийтийн мэдээллийн сүлжээнд байршуулахыг хориглох талаар тодорхой болгожээ.

Хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанд шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.