ИТХ-ын сонгуулийн санал хураалт аравдугаар сарын 15-нд болно

2020-04-14 Парламент

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2020.04.14) цахим хуралдаанаар “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ.

Энэ онд батлагдсан Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн зохих хэсэг, УИХ-ын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн боловсруулсан уг тогтоолын төсөлд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс товлон зарлаж, ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байхаар тогтоохоор тусгажээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт, зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд харин УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Горимын санал дэмжигдсэн тул тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, төслийг батлуулахаар тогтов.

Үргэлжлүүлэн “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ. Сонгуулийн ерөнхий хорооны саналын дагуу Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалт, УИХ-ын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмжийг тус тус хэрэглэхийг зөвшөөрөхийг дэмжив.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдээс асуулт, зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн гаргасан горимын саналаар тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулахаар тогтлоо.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.