ЭМЯ: Дархан-Уул, Сэлэнгэ аймагт коронавирусийн хоёр сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

2020-04-2 Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.04.02/ коронавирусийн цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Дэлхий даяар өнгөрсөн 24 цагийн хугацаанд 76,470 шинэ халдвар бүртгэгдэж, 4,880 хүн нас баржээ. Нийт нас баралт 47,189 байгаа бол эдгэрсэн хүний тоо 193,989 болсон байна. Коронавируст халдварыг ХӨСҮТ-өөс гадна Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Ховд, Дорнод, Орхон аймгуудын Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн лаборатор зэрэг зургаан газар зэрэг шинжилгээ хийж оношлох боломжтой болжээ.

Эрүүл мэндийн яамны Олон нийттэй харилцах, тандалт судалгааны хэлтсийн Д.Нарангэрэл “Коронавирусийн халдвар 7-14 хоногийн дотор 400 гаруй мянган хүн оншлогдож байгаа учраас өвчний тархалт ямар хурдацтай байгаа нь харагдаж байна. Мөн сүүлийн үед бага насны хүүхэд нас барсан анхны тохиолдол АНУ-д бүртгэгдлээ. Манай улсад зөөвөрлөгдөн орж ирж, батлагдсан 14 хүн бүртгэгдсэнээс хоёр хүн нь эдгэрч, тусгаарлалтад байна. Мөн өнгөрсөн шөнө буюу 24 цагийн байдлаар Сэлэнгэ, Дархан-Уул аймагт хоёр сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, шинжилгээний хариу гараагүй байна. Сэлэнгэ аймгийн иргэний хувьд Энэтхэг, Солонгос Турк улсаар дамжин эх орондоо ирсэн бөгөөд уушгиндаа хатгааны шинж тэмдэгтэй, өөрийгөө 14 хоног тусгаарласан ч хатгааны шинж тэмдэг илэрсэн учраас тусгаарласан. Мөн түүнийн ойрын хавьтлын долоон хүнийг тусгаарлаад байна. Дархан-Уул аймгийн тохиолдол нь ОХУ-д сурч байгаад ирсэн оюутан бөгөөд өөрийгөө 14 хоног тусгаарлаж байсан. Яг өнөөдрийн байдлаар 2171 хүн тусгаарлах байранд байна. Эдгээр иргэдийн бие хэвийн байгаа” гэв.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү өнгөрөгч өдрүүдэд авсан шинжилгээний хариунуудын талаар тодруулсан юм. Тэрбээр “ХӨСҮТ-д тусгаарлагдсан 192, Цэргийн эмнэлэгт гээд нийт 273 хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Өчигдөр Дархан-Уул, Сэлэнгэ аймагт нэг, нэг сэжигтэй тохиолдол илэрч тусгаарлагдаад байна. Харин Токиогийн онгоцоор ирсэн 26 хүнийг ХӨСҮТ-ээс гаргасан. Мөн дараагийн нислэгээр ирэх иргэдээс 74 хүнийг хүлээж авах бэлтгэлээ хангалаа.

Харин тус вирусийн халдварыг илрүүлэх оношлуур одоогийн байдлаар хүрэлцээтэй байгаа. Тун удахгүй тусгай үүргийн онгоцоор оношлуур дахин хүлээж авна. Одоогоор хурдавчилсан гурван төрлийн оношлуур ирсэн. Эдгээрээс аль нь сайн гэдгийг судалж байна” гэлээ.

ДЭМБын ажилтан О.Ариунтуяа ДЭМБын мэдээллээр дэлхий дахинд COVID-19-ийн 827,419 тохиолдол бүртгэгдэж, 40,777 хүн нас баржээ. Шинээр Африкийн гурван улсад халдвар гарлаа.

БНХАУ дөрөвдүгээр сарын 1-нээс шинж тэмдэггүй тохиолдлын тоог өдөр тутам мэдээлж байна.

24 цагийн зайтай авсан хоёр удаагийн лабораторийн шинжилгээ сөрөг гарсан тохиолдолд тусгаарлалтаас гаргаж, тэдгээрийн ойрын хавьтлыг 14 хоног тусгаарлаж байна.

Тус улсад шинж тэмдэггүй 130 тохиолдол шинээр бүргэгдэжээ. Ингэснээр шинж тэмдэггүй нийт 1,450 тохиолдол гарсны 205 нь гаднаас зөөвөрлөгдөж орж ирсэн тохиолдол болж байна. 

Сүүлийн тав хоногийн хугацаанд шинэ тохиолдлын тоо огцом нэмэгдэж, дэлхийн бүх улс, орныг халдвар хамраад байна.

Өнгөрсөн долоо хоногт нас баралт хоёр дахин нэмэгдэв. Нас баралтын хувь Италид 12, Испанид 8.6, АНУ-д 1.3-тай байна.

Хэдхэн өдрийн дараа халдварын тохиолдлын тоо нэг сая, нас баралт 50 мянгад хүрэхээр байна.

Одоогоор Төв, Өмнөд Америк болон Африкийн орнуудад өвчлөл харьцангуй бага байгаа ч эдгээр улсад өвчлөл нийгэм эдийн засгийн ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй байна.

ДЭМБын ерөнхий захирал нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст нийгмийн халамжийн шаардлагатай арга хэмжээ авахыг уриалсан байна” гэв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.