Эрүүл мэндийн яамны мэдээллийн цаг эхэллээ

2020-03-31 Мэдээ мэдээлэл

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.03.31-НИЙ 11:00 ЦАГ

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.03.31-НИЙ 11:00 ЦАГ

Posted by Эрүүл Мэндийн Яам on Monday, March 30, 2020

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна. Хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

Өнөөдрийн мэдээллээр коронавирусийн халдвар нь агаар дуслын замаар дамжиж байгаа тул амны хаалт зүүхийг ДЭМБ-аас зөвлөж буй билээ. Мөн өтгөнөөр халдвар тархах магадлалтай гэдгийг судалгаагаар тогтоожээ.

Монгол Улсын хувьд урин дулааны улиралд хөрсний бохирдлын үед бохирын цооног, ил задгай нүхэн жорлонг ариутгах шаардлагатайг анхаарууллаа. Иргэдэд нойлын суултуурын усаа тагийг нь хаасны дараа татахыг зөвлөв. Түүнчлэн коронавирусийн халдвараар 0-15 насны хүүхдүүд өвчлөх тохиолдол их байгааг анхаарууллаа. Өвчний шинж тэмдэг 10-15 хоногийн дараа илэрдэг байсан бол 21 хоногт илрэх тохиолдол байна гэв.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Өнөөдрийн байдлаар 2310 иргэн тусгаарлагдаад байна. Эдгэрсэн хоёр иргэнийг тусгаарлах байранд шилжүүлэн, ажиглалтад авч байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн үргэлжилж байна. Эрүүл мэндийн байгууллагаас хамгаалах хувцас хэрэгслийг хэрхэн хэрэглэх талаар зөвлөмж хүргүүлэн ажиллаж байна. Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй тогтмол цахимаар харилцаж байна. Тусгаарлах байранд 43 жирэмсэн эмэгтэй, 5 хүртэлх насны 56 хүүхэд, гэмтэл авсан долоон хүн зэрэг хүмүүс байна. Эдгээр хүмүүст тусламж үзүүлж байна. Иргэд өрөө жижигхэн байна, нохойны хоол өгч байна, ХӨСҮТ-д хэвтэхгүй, Өргөө амаржих газарт хэвтмээр байна гэдэг шаардлага тавьж байна. Эмчийн өөдөөс жимсний чанамалтай талхаа шидэж, мөөгтэй хуурга идэхгүй гэж уйлж, хоорондоо зодолдож байна.

Коронавирус бол цар тахал гэдгийг ойлгох хэрэгтэй. Таван одтой зочид буудалд иргэдээ тусгаарлаж байгаа улс цөөхөн. Иргэдээ гаднын улсаас татаж байгаа улс цөөхөн. Эмчээрээ хоол зөөлгөж байгаа иргэн Монгол Улсаас өөр улсад байхгүй. Иргэд хариуцлагатай байх ёстой.  Тусламж үзүүлж байгаа эмч нар бол дэлхийд урилгаар очдог, энхийг сахиулахад манай улсыг ахалж байсан ахмад хурандаа нар юм. Иргэд авираа тат. Хэн нэгнийг уурлаж, уйлахаар тусгаарлах байрны хугацааг богиносгодог юм биш. Тусгаарлагдаж байгаа бол үүргээ биелүүл. Хэрэв та шийдвэрээ гаргаж онгоцоор ирж байгаа бол үүргээ биелүүл” гэдгийг анхаарууллаа.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.