Япон улс өнөөдрөөс Европын 21 улсын зорчигчдод нэвтрүүлэхгүй

2020-03-27 Мэдээ мэдээлэл

ЭМЯ-ны ээлжит мэдээллээр  Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа дэлхийн улс орнуудын COVID-19 халдварын эсрэг авч буй арга хэмжээний талаар танилцууллаа.

Тэрбээр хэлэхдээ “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд АНУ-д шинэ халдварын тохиолдол огцом өсөж, нийт халдвар авсан хүний тоогоор Итали, БНХАУ-ыг давсан байна.  Нью-Йорк хотын хувьд нөхцөл байдал хүнд хэвээр байна.

Энэ хугацаанд эмнэлгийн орны тоог 20-30 мянга болгож нэмэгдүүлсэн бөгөөд Холбооны Засгийн газрын Онцгой байдлын газраас 2,500 амьсгалын аппарат нэмэлтээр өгчээ. Гэсэн хэдий ч энэ арга хэмжээ нь цаашид улам өсөх хэрэгцээ шаардлагыг хангах хэмжээнд биш гэдгийг албаныхан мэдээлжээ.

Мөн тус хотын эмнэлгүүдийн удирдлагын мэдээлж буйгаар COVID-19 халдвараар хүндэрсэн нэг өвчтөн дунджаар 11-21 хоног амьсгалын аппарат хэрэглэж байна гэсэн мэдээлэл өглөө.

Итали улсад шинээр 6,000 гаруй тохиолдол бүртгэгдэж, 700 гаруй хүн халдварын улмаас нас баржээ. Харин Испани улсад 24 цагийн дотор 700 гаруй хүн нас барж, нийт нас баралтын тоо 4,000 гаруй боллоо.

Сүүлийн өдрүүдэд Испанийн нийслэл Мадрид хотын эмнэлгүүдийн морг болон цогцос чандарлах газрууд нь ачааллаа дийлэхээ больж, улмаар тус хотын спорт цогцолборын газрыг цогцос хадгалахаар ашиглахад хүрчээ.

Тайланд улсад шинэ халдварын тоо 100 гаруйгаар нэмэгдэж, нийт халдварын тоо 1,000-д хүрсэн учир Тайландын Ерөнхий сайд дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл хугацаанд улсын хэмжээнд онц байдал зарласан. Гэсэн ч одоогоор иргэдийн дунд хөл хорио тогтоогоогүй байна.

Япон улс өнөөдрөөс эхлэн Европын 21 улс, тэр дундаа Иранаас ирэх зорчигчдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байх хориг тавьж буйгаа мэдэгдсэн. Токио хотод сүүлийн хоёр өдөр шинэ халдварын тоо 40 гаруйгаар нэмэгдээд байгаа.

Өмнөд Африкт шинэ халдварын тоо өмнөх өдрөөс огцом өсөж, 900-г давсан. Үүнтэй холбоотойгоор тус улсын Ерөнхийлөгч 21 хоногийн хугацаатай хөл хориог тогтоосон байна.

БНХАУ-д зөөвөрлөгдөн орж ирэх тохиолдлын тоо нэмэгдэж буй. Өнгөрсөн 24 цагийн дотор тус улсад 55 тохиолдол шинээр бүртгэгдсэний 54 нь гадаад улсаас зөөвөрлөгджээ” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.