Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна. Энэ удаагийн хурлыг өргөтгөсөн байдлаар зохион байгуулж, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл оролцлоо. Тэрбээр өнөөдөр хуралдсан оролцсон гадны төлөөлөгчдөд хандан “Энэ чухал үед бидэнтэй хамт байгаа та бүхэнд баярлалаа” хэмээн талархснаа илэрхийлээд дараах мэдээллийг хийлээ.
Тэрбээр “Өнөөдөр ДЭМБ-ын 195 гишүүн орны 194-д нь COVID-19 халдвар тархжээ. Эхлээд 100 мянган хүн халдвар авч, дараагийн 100 мянган хүн нэмэгдэхэд халдвар авахад 11 хоног болж байсан бол дараагийн 100 мянган хүн 3-4 хоногт нэмэгдсэн байна.
Энэ нь COVID-19-ийн халдвар ямар хурдацтай бөгөөд хорон чанартай гэдгийг илэрхийлж байна.
ДЭМБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга хэлэхдээ “Бид шинэ коронавирусийн тархалтыг хөл бөмбөгтэй зүйрлэвэл маш сайн хамгаалалт шаардлагатай бөгөөд дайралтад бэлтгэх цаг үе ирсэн гэж хэлж байсан”. Энэ нь Эрүүл мэндийн салбарыг эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах санамжийг өгсөн гэж бид хүлээн авч байгаа.
Ийм чухал үед хэдийгээр АНУ өөрсдийн байдал амаргүй байгаа ч Монголын ард түмэнд тусламжийн гараа сунгаж байгаад АНУ-ын Засгийн газарт дахин чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Та бүхний ДЭМБ-аар дамжуулж байгаа хандивыг бид иргэдээ халдвараас урьдчилан сэргийлэх, эмнэлгийн тусламж үзүүлэхэд зарцуулах болно.” гэлээ.
Энд нэг зүйлийг тодруулахад, АНУ-ын Засгийн газраас COVID-19 халдварын эсрэг хариу арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа Монгол Улсын Засгийн газарт 3.3 тэрбум төгрөгийн тусламж өгч байгааг өнөөдөр зарласан юм.
Мөн АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески оролцож мэдээлэл өглөө. Тэрбээр АНУ-ын Засгийн газраас COVID-19 халдварын эсрэг хариу арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэх зорилгоор ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан 3.3 тэрбум төгрөгийн тусламж өгч буйгаа мэдэгдсэн юм. Мөн “АНУ-аас үзүүлж буй уг тусламжийг эрсдлийн үед иргэдийн болон мэдээлэл харилцаа холбооны бэлэн байдлыг дээшлүүлэх, нэн шаардлагатай байгаа материалаар хангах, усны хангамж, эрүүл ахуйн үйлчилгээг сайжруулах, мэдээлэл цуглуулах, дүн шилжилгээ хийхэд ЭМЯ-нд дэмжлэг үзүүлэхэд зориулна” гэлээ.
COVID-19 халдвар хүн бүрийн санааг зовоож байна. АНУ зөвхөн дотоодоо төдийгүй дэлхий дахинд COVID-19 халдварыг хазаарлан барихын тулд ажиллаж байгаа. Монгол Улсын засгийн газрын өнөөг хүртэл авч хэрэгжүүлж байгаа ажилд өндөр сэтгэгдэл төрж байна” гэдгийг хэллээ.
Түүнчлэн энэ өдрийн хуралд НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Алекс Хaйкенс оролцож, Монгол Улсын Засгийн газраас маш шуурхай шийдвэрүүдийг гаргаж байгаа тул халдварын дэгдэлт гарахгүй үр дүнтэй байна гэдгийг онцлон хэлэв. Мөн цаашид ч маш анхааралтай ажиллах ёстойг сануулаад өнөөдөр олгогдож буй тусламжийн хүрээнд хэд хэдэн чиглэлд хийгдэх ажлыг тодорхойлов.
Тэрбээр “НҮБ-ын Хүүхдийн сангаас хүүхэд, жирэмсэн эхчүүд, асран хамгаалагчид, үндэсний цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусгайлан зориулсан мэдээллийг боловсруулж үндэсний хэмжээнд түгээх болно. Мэдээлэл нь халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх үнэн бодит агуулгатай байна. Мөн үндэсний хэмжээнд гар угаах кампанит ажлыг явуулна. Энэ ажлын хүрээнд нэн шаардлагатай саван, гар ариутгагч, эрүүл ахуйн хэрэгслээр хангах юм.
Дээр дурдсан ажлуудаас гадан НҮБ-ын Хүүхдийн сангаас авч хэрэгжүүлж байгаа ажлуудаа үргэлжлүүлнэ. Тухайлбал, сургууль цэцэрлэг хаагдсантай холбоотойгоор хүүхдүүд хараа хяналтгүй гэрт үлдэж байгаа. Мөн орлогоо алдаж буй гэр бүлүүд сэтгэл зүйн хувьд асуудалтай тулгарч байгаа учраас тэднийг дэмжих чиглэлээр ажиллана” гэв.
Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийсэн юм. Тэрбээр ” Истанбул-Улаанбаатарын онгоцоор энэ сарын 19-нд ирсэн 22 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Өмнө нь 24 хүнийг сонгож шинжилгээ хийсэн хариу мөн сөрөг гарсан. Ингээд 46 хүнд шинжилгээний хариу сөрөг гарлаа. 200 гаруй хүнээс шинжилгээ авч үргэлжлүүлэн хийнэ. Орхон аймагт тусгаарлагдсан 6 хүнээс шинжилгээ авсан халдвар илрээгүй.
ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 289 хүн тусгаарлагдан хяналтад байна.
Мөн Алтанбулаг боомтоор орж ирсэн зорчигчдоос Сэлэнгэ аймагт 2, Орхон аймагт нэг, нийт гурван сэжигтэй тохиолдол тусгаарлагдан ажиглалт хяналт хийгдэж байгаа бөгөөд сорьц ирж байгаа” гэсэн юм.
Энэ үеэр Францид монголын иргэн халдвар авсан эсэх талаар тодруулахад, ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Франбид Монгол иргэн халдвар авсан талаар мэдээлэл ирээгүй. Харин Солонгос улсад монголын 2 иргэн халдвар авсан мэдээлэл албан ёсоор ирсэн” гэлээ.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87442
30750
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.