ЭМЯ: Халдвар авсан 10 хүний биеийн байдал тогтворжиж байна

2020-03-23 Мэдээ мэдээлэл

Хэвлэлийн бага хурал

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 191 оронд халдвар тархсан байна. Шинээр 3 оронд өвчлөл бүртгэгдсэн. Тархалтын байдлаараа Итали тэргүүн эгнээд эрэмбэлэгдэж байгаа бол араас нь Испани, АНУ жагсаж байна. Эдгээр улсын халдварын өвчлөл, нас баралтын индекс өндөр байгаа аж. ДЭМБ-аас өгч байгаа зөвлөгөөгөөр 5 хүн нэг дор байвал бөөгнөрөл гэж үзнэ гэж өчигдөр мэдээлж байсан бол өнөөдрөөс 2-оос дээш хүнийг бөөгнөрөл гэж үзэхээр болж байна. 2 хүн хоорондоо 2 метрийн зайтай харилцана гэсэн зөвлөмж өгч буй юм.

Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Хөл хорионы дэглэмийг ихэнх оронд үргэлжлүүлж, хоногийг уртасгаж байна. Халдварыг тархахад хөдөлгөөний хязгаарлалт, хөл хорио, зайнаас харилцах нь чухал. Хүмүүс хоорондоо харилцаж, хүрэлцэх нь энэ өвчнийг тархахад нөлөөлж байнга гэж эрдэмтэд хэлж байгаа.

Монгол Улсын Засгийн газар ээлжит бусаар өчигдөр хуралдсан. Хуралдаанд Эрүүл мэндийн яам 2 асуудал оруулсан. Эхнийх нь ажиглалтад байгаа иргэд тусгаарлалтаас гараад, гэртээ дахин 14 хоног өөрийгөө тусгаарлан ажиглах санал оруулсан. Өөрийгөө хэрхэн гэртээ тусгаарлан ажиглах талаар Эрүүл мэндийн сайд зөвлөмж гаргасан. Тухайлбал, өвчитнийг эмнэлэгт 3 удаа давтан шинжилгээ хийгээд халдваргүй тохиолдолд ажиглалтад гаргана. Мөн тусгаарлалтад байсан иргэд хэн хэн нь гэртээ дахин 14 хоног өөрийгөө тусгаарлан ажиглах юм. Баримтлах дэглэмийг мөн гаргасан. Гэр утсаа интернэтэд холбож, байрлал тогтоогчийг байнга асаалттай байлган халуунаа өдөрт 2 удаа үзэж, өрхийн болон дүүргийн эмнэлэгт мэдүүлж байх ёстой юм.

Мөн гэр бүлийн гишүүдтэйгээ аль болох ойр байхгүй байх ёстой. Гар утсаа унтраах, интернетэд холбоогүй, гэрээсээ гарвал Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэнэ.  

Хоёр дахь асуудал нь тавдугаар сар хүртэл хөрсний бохирдлоос шалтгаалан гэдэсний халдварт өвчин их гардаг. Коронавирус мөн ахуйн халдвараар дамжиж байгаа тул ирэх сарын 15-нд хүртэл ариутгал, халдваргүйжүүлэлтийг улс даяар хийхээр боллоо” гэлээ.

ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа “ДЭМБ-ын сүүлийн мэдээгээр халдварын тохиолдол 292142 бүртгэгдсэн байна. Нас баралт 12784 боллоо. Африкийн бүсийн 4 улсад халдвар шинээр бүртгэгдсэн.

Европын орнуудад өдөрт халдварын 20.000 тохиолдол бүртгэгдэж, нас баралт 1000 нэмэгдэж байна. Дэлхийн ихэнх орон сургууль, цэцэрлэгийг хаах, нийтийн тээврийг хязгаарлахын зэрэгцээ шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна.

ДЭМБ-аас батлагдсан тохиолдолд хөнгөн, дунд, хүнд тохиолдлын хавьтлыг тусгаарлах заавар өгч байгаа. Тархалтын дараагийн үе шатанд бэлдэхдээ аймаг, дүүргүүд харьяаллын хүн амдаа зориулж хэдэн тусгаарлах байр хаана гаргахыг урьдчилан тодорхойлох ажлыг хийж байна. 

Энд нэг зүйлийг анхааруулахад, ДЭМБ-ын нэрийг ашигласан цахим гэмт хэрэг ихсэх  хандлагатай байгаа тул иргэд, байгууллагууд “ДЭМБ-аас” гэсэн и-мэйл ирсэн тохиолдолд нягтлан шалгаж, хувийн мэдээлэл, хөрөнгөө алдахгүй байхыг анхааруулж байна. ДЭМБ-аас халдварын хяналт сэргийлэлт, лабораторийн удирдамжийг шинэчлэн баталсан” гэлээ.

Харин ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү холбогдох шинжилгээний хариу болон COVID-19 халдвар авсан иргэдийн биеийн байдлын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Гуравдугаар сарын 18-нд Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн 24 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүйг мэдээлж байсан. Уг онгоцоор ирээд Цэргийн эмнэлэгт тусгаарлагдсан 22 хүний шинжилгээ хийгдэж байна.

Гуравдугаар сарын 16-нд Токио-Улаанбаатарын тусгай нислэгээр ирж Цэргийн эмнэлэгт тусгаарлагдсан 52 хүнээс коронавирус илрээгүй.

Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 22 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй.

Гуравдугаар сарын 22-нд ХӨСҮТ болон орон нутагт сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй.

Түүнчлэн халдвар авсан 10 хүний биеийн байдлын талаар тодруулахад, нэлээд хүнд байсан хоёр хүний биеийн байдал сайжирч, тогтворжиж эхэллээ. Бусад иргэний биеийн байдал тогтвортой байна. Харин Франц иргэний уушгийг CTI аппаратаар оношлоход нөхөн сэргээлт хэвийн болж буйг эмчлэгч эмч нь хэлсэн.  Эдгээр иргэнийг багадаа 10 хоног эмчилнэ” гэсэн мэдээллийг өглөө.

https://covid19-1.mohs.mn/p/cat/post/49/

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.