Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл нөхцөл байдлын талаар тодрууллаа.
Тэрбээр “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 184 оронд халдвар тархсан. Африкийн долоон оронд халдвар нэмж бүртгэгдсэн байна. Испани, Итали, АНУ, Герман, Францид өвчлөл өндөр хэвээр байна. БНСУ-д өвчлөлийн тоо нэмэгдэх хандлагатай боллоо. БНХАУ-ын Ухань хотод ажилласан эмч нарын зөвлөж байгаагаар энэ өвчнийг ялан дийлэх арга бол хувийн ариун цэвэр юм. Гудамж талбай, гэрт орондоо ариун цэвэр сахиж чадвал энэ халдвараас сэргийлж, мөн тархалтыг хязгаарлаж чадна.
Иймээс Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өчигдөр уриалга гаргасан. Худалдаа үйлдвэрлэлийн үйлчилгээ эрхлэгчдэд хандаж уриалга гаргасан байгаа. ДЭМБ-аас 1 метрээс доошгүй зайд хоорондоо харьцах нь зүйтэй гэж байссан бол 2 метр болгож хоорондох зайг нэмэгдүүлээд байна. Иймээс үйлчилгээний байгууллагад 2 метрийн зайтай тэмлэглэгээ хийж, үүнийгээ үйлчлүүлэгчдэд мөрдүүлж ажиллах уриалга, шаардлага мэдээлэл хүргүүлээд ажиллаж байна. Мөн аль болох бэлэн мөнгөөр гүйлгээ хийхээс тагалзаж, цахим хэлбэр, картаар гүйлгээ хийхийг анхааруулж байна. Ажилчдын ажлын ачааллыг тэнцүүлэх ажил мөн хийгдэж байна. АТМ зэргийг 2 цаг тутам ариутган цэвэрлэж, дугаарлалт үүсгэхгүй байхад анхаарч ажиллаж байна” гэлээ.
Мөн ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа “Сүүлийн 24 цагийн дотор Африкийн 7 оронд халдвар бүртгэгдсэн байна. Халдварын тохиолдол сүүлийн 24 цагийн дотор 32000-аар нэмэгдлээ.
Халдварын тохиолдлын 48 хувь нь Европт бүртгэгдэж 6000 хүн нас бараад байна. Европын орнуудын халдварын 77 хувь нь Испани, Итали, АНУ, Францид бүртгэгдсэн байна. ДЭМБ-аас тохиолдлын тодорхойлолтыг шинэчилсэн. Дэгдэлтийн судалгаанд дүн шинжилгээ хийсэн байна. Африкийн орнуудын удирдлага, Элчин сайдуудтай цахим хурал хийсэн. Тэрхүү хурлаар энэ халдвар нь дэлхийн улс орнуудын эв нэгдлийн шалгуур болж байгааг онцолж, олон улсын хамтын ажиллагааг баримтлахыг уриаллаа” гэв.
Харин Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Нийт 3115 хүнийг тусгаарлалт, ажиглалтад авсан байна. Өнөөдрийн байдлаар 1951 хүн тусгаарлалтад буюу ажиглалтад байна. Баян-Өлгий, Дархан-Уул аймагт тусгаарлах хүний тоо нэмэгдэж байна. Мөн бид тусгаарлалтаас гарсан иргэдийг гэртээ 14 хоног тусгаарлахыг зөвлөж байна.
Хилийн боомтуудтай аймгууд болох Өмнөговь, Дорнод зэрэг аймагт анхаарал тавьж ажиллаж байгаа. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж өдөр бүр өөрчлөгдөж байна. Олон хүнийг цуглуулсан хурлыг цахимаар хийхийг зөвлөж буй. Байнгын хурал хийдэг байгууллагуудад эдгээр зөвлөмжийг өгч байгаа” хэмээн тодруулав.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Энэ сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн 244 хүний шинжилгээний хариу гарч дууслаа. 153 хүний хариу сөрөг буюу халдвар гарсан. Ойрын хавьтлын 89 хүний шинжилгээний хариу мөн сөрөг буюу халдваргүй гарсан.
Хоёр хүнийг шинжилгээний хариу эерэг гарсаныг та бүхэн мэдэж байгаа. Харин энэ сарын 21-нд буюу өчигдөр ХӨСҮТ болон бусад аймагт сэжигтэй тохиолдол илрээгүй. Аймгууд, хотод тусгаарлагдах төвүүдэд 90 хүн шинээр ажиглалтад орсон.
Эмнэлэгт уушигны хатгаагаар хэвтэн эмчлүүлж байгаа өвчитнүүдийн дунд санамсаргүй түүврийн аргаар шинжилгээ хийсэн. Дүүргийн эмнэлэгт байгаа уушигны хатгалгаагаар эмчлүүлж байгаа иргэдийн хувьд коронавирус илрээгүй.
Гаднаас ирж байгаа онгоцыг хянахаас гадна эмнэлгүүдэд байгаа өвчитнүүдийг мөн танадан судалгаагаар шинжилгээнд хамруулан ажиглаж байна.
Халдвар илэрсэн өвчитнүүдийн биеийн байдал сайжирч байна. Эмчилгээ тохирч байна. Шинжилгээг заавал шинж тэмдэг илэрсэн үед нь биш зарим үед лабораторийн шинжилгээгээр баталгаажуулан илрүүлж байгааг та бүхэнд бас дуулгая” гэлээ.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87445
30768
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.