Европын зарим улс гадаадын иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэх боломжгүй хэмээн мэдэгджээ

2020-03-19 Мэдээ мэдээлэл

Хэвлэлийн бага хурал

 

 

 

 

 

 

 

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 166 оронд халдвар бүртгэгдсэн байна. Харин хамгийн өндөр тархалттай нь Итали, АНУ, Герман, Франц зэрэг улсууд байгаа юм. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан гадаадын иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлж чадахгүй гэдгээ дэлхийн зарим орон мэдэгдэж эхэлсэн байна.

Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Covid-19 тархалтын халдвар дэлхийн зарим улс оронд нэлээд хурдацтай тархаж байна. Тийм ч учраас гадаадын иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх боломжгүй гэдгээ мэдэгдээд байгаа.

Хятадын Ухань мужид сүүлийн 24 цагт covid-19 халдвараар өвчилсөн тохиолдол бүртгэгдээгүй. Шинэ коронавирусийн халдварын улмаас хүн нас бараагүй байна. Хятад улс халдварын дэгдэлтийг бүрэн хяналтдаа аваад байна гэж мэдээллээ.

ДЭМБ-аас ээлжит хурлаа хийсэн. Тус газраас эрсдэлгүй орон, эрсдэлгүй хүн гэж нэг ч байхгүй. Халдвар гарахгүй гэж битгий бодоорой. Халдвар гарах гэж байгаа юм шиг бэлэн байдлаа хангаарай гэж мэдэгдсэн. Иймээс амны хаалтаа зүүж, гараа тогтмол угааж, гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байна.

Гудамж талбайд амны хаалт хаях үзэгдэл их байна. Салхитай энэ үед гадаад орчинд амны хаалт хаях нь өвчлөл нэмэгдэх, тархах эрсдэлтэй. Иймээс зориулалтын дагуу амны хаалтаа хаях хэрэгтэй” гэдгийг нийт иргэдэд анхааруулав.

Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа “Австралийн холбооны Засгийн газраас олон улсад зорчих бүх хөдөлгөөнийг хязгаарлаж, эрсдлийн үнэлгээг дөрөв болгон нэмэгдүүллээ. Тус улсын хувьд анх удаа онц байдал тогтоож, ийм арга хэмжээ авсан. Иргэдээ гадаад улсад бүү аял, бүү зорч, таны амь нас аюулд орно гэсэн агуулгатай мэдээллийг өгсөөр байна.

Мөн одоогийн байдлаар олон улсын бүх нислэгийн 60 хувийг цуцалсан. Тиймээс тус улс тавдугаар сарыг дуустал олон улсын нислэгийн үйлчлгээ үйлдэхгүй гэдгээ мэдэгдлээ.

“Эйр Канад” авиа компани олон улсын тэр дотроо АНУ-ын чиглэлд нислэгээ цуцлахаа мэдэгдээд байна. Харин энэ сарын 31-нээс цөөн тооны нислэг үйлдэх юм байна.

Франц улсын удирдлагын зүгээс дэлхийн 2-р дайнаас хойш учирч байгаагүй хүнд бэрхшээл гарлаа хэмээн мэдэгдсэн. Энхийн цагт улсууд хилээ хаахад хүргэж байна. Эрсдэлтэй энэ үед хүн бүрийн хүчин чармайлт чухал гэдгийг онцолж байгаа. Мөн улс үндэстнээрээ эв нэгдэлтэй байж, хорио цээрийн дүрэм, журмыг дагаж мөрдөхийг иргэддээ анхааруулсаар байна.

Мөн Герман улс хилээ хаасан. Агаарын тээврийн нислэгүүдээ зогсоосон. Италид шинэ коронавирусийн халдвар тархсанаас хойш 4200 тохиолдол бүртгэгджээ. Нэг өдөрт хамгийн олон буюу 475 хүн нас барснаар нийт нас барсан хүний тоо 3000 боллоо.

АНУ-ын хувьд, 50 муж, харьяат газруудад халдвар бүртгэгдсэн. Улсын хэмжээнд онц байдал зарласантай холбоотой сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа хаагдаж байна. ЮНЕСКО-гийн мэдээллээр дэлхийн олон орон сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хаасан. Үүний улмаас дэлхийн 849 сая хүүхэд сургууль завсардсан байна.

Харин Британид баасан гаригаас эхлэн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хаахаа мэдэгдсэн. Ингэснээр найман сая гаруй сурагч хамрагдаж байна. Мөн Ирланд даваа гаригаас сургуулийн үйл ажиллагаагаа хаахаа мэдэгдсэн. Зуны амралт эхлэх хүртэл нэг мөр хааж болзошгүй гэдгийг мэдэгдсэн байна” гэлээ.

Түүнчлэн Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал ээлжит мэдээллээ хийв.

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар 1,706 иргэнийг тусгаарлан ажиглаж байна. Сэжигтэй тохиолдол гэж үзэн 309 хүнийг шинжилгээнд хамруулснаас таван тохиолдлын онош батлагдаж, дөрвөн хүний шинжилгээ хийгдэж байна.

Истанбул-Улаанбаатарын нислэгээр өчигдөр 252 хүн ирсэн. Нисэх баг 15 хүний бүрэлдэхүүнтэй. Тэднээс ХӨСҮТ-д 24, Цэргийн төв эмнэлэгт хоёр хүнийг тусгаарлаж, бусад иргэдийг Зүчи, Бага баян, Асралтмед эмнэлэгт тусгаарлан ажиглалтад авлаа.

Тархи зүрхний хүнд эмгэгтэй хүүхэд Турк улсад эмчлүүлж байгаа учраас энэ удаагийн нислэгээр ирээгүй.

Сэлэнгэ, Баян-Өлгий аймгийн боомтуудаар орж ирсэн иргэдийг аймаг, аймагт нь тусгаарлалаа.

Эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлаа ханган, эрчимт эмчилгээ, түргэн тусламжаа хянаж байгаа. Түргэн тусламжийн дуудлага буурч байна. Ачаалал нэмэгдвэл ашиглахаар Арьсны өвчин судлалын үндэсний төвд 107 ор гаргасан. Мөн зарим дүүргийн эмнэлгүүдийг чөлөөлөөд нийт 705 ор гаргах боломжтой гэсэн тооцооллыг хийгээд байгаа.

Өнөөдөр ЭМ-ийн сайдын зөвлөлийн хурлыг өргөтгөсөн байдлаар хийнэ.

Өчигдөр БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний хорооноос цахим сургалт авсан. БНХАУ-ын авч хэрэгжүүлсэн гол арга хэмжээнүүдийг дурдвал, эрт илрүүлэх, эрт тусгаарлах, эрт оношлох эмчлэх чиглэлд анхаарсан байна. Өвчтөнүүдийг маш хүнд, хүнд, дунд, хөнгөн хэмээн ангилж эмчилгээ хийж байгаа. Биеийн байдал нь хөнгөн болон дунд ангилалд багтаж байгаа өвчтөнүүд 10-14 хоног эмчлэгдэж байна гэсэн мэдээллийг өглөө. Хамар залгиураас гарсан шинжилгээ хэрвээ сөрөг гарвал өтгөнд бас шинжилгээ хийж байгаагаа хэлж байна. Манай эмчилгээний тактик үндсэндээ адил байгаа” гэдгийг хэллээ.

Хууль л амла!

6 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

9 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.