Дахин нэг тохиолдол бүртгэгдэж, халдвартай хүний тоо ЗУРГАА боллоо

2020-03-18 Мэдээ мэдээлэл

 

Эрүүл мэндийн яам шинэ коронавирусийн халдварын тархалт, тархалтыг бууруулах талаар хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай ээлжит мэдээллээ хийж байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Иран, Итали, Испани, БНСУ, АНУ, ХБНГУ-д халдварын дэгдэлт эрчимтэй байгаа. Манай улсад халдварын тав дахь тохиолдол бүртгэгдлээ. Тухайн иргэний ойрын хавьтал 13 хүнийг шинжилгээнд хамруулж байна.

Цаг агаар дулаарч байгаатай холбоотойгоор иргэд маань илт нимгэн хувцаслаж эхэлсэн байна. COVID-19 халдвар төдийгүй амьсгалын замын өвчнөөс сэргийлэхийн тулд даарахгүй байхыг зөвлөдөг. Тиймээс нэн тэргүүнд хувцсаа нимгэлэхгүй байх, даарч дархлаагаа бууруулахгүй байхыг зөвлөж байна” гэлээ.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал “Нийтдээ 2272 хүнийг ажиглалтад авсан. Өнөөдрийн байдлаар 1337 иргэн ажиглалтын байранд хянагдаж байна. Сэжигтэй 300 тохиолдлыг ажиглалтад авснаас дөрөв нь халдвартай болох нь шинжилгээгээр баталгаажсан. Өнөөдөр Станбулаас тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдийн тоо тодорхой бус, 252 зорчигч ирнэ гэсэн мэдээлэл бий.  Иргэдийг Бага буян, Асралт мед эмнэлэгт хүлээн авахаар бэлтгэл хангаж байна, мөн ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлахаар томилгоог хийсэн. Станбулын онгоцоор нэлээд хүнд хүүхэд ирнэ гэсэн учраас ХӨСҮТ-ийн эмчийг явуулсан” гэв.

Халдвар өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү “Москва-Улаанбаатар нислэгээр гуравдугаар сарын 16-нд онгоцоор ирсэн иргэнээс коронавирус илэрснийг өчигдөр мэдээлсэн. Зохион байгуулалттай ирсэн учраас ойрын улсуудыг шинжлэн судлах ажил хялбар байна. Гэвч хяналт сэрэмжээ алдахгүй ажиллаж байна.

Мөн Берлин-Москва-Улаанбаатар нислэгээр ирсэн иргэний шинжилгээний хариу өнөөдөр эерэг гарлаа. Тухайн иргэний шинжилгээний хариуг хурдавчилсан оношлуураар эхэлж гаргасан учраас төв лабораторид хийж байгаа шинжилгээний хариутай тулгаж үзнэ. Төв лаборторид хийж байгаа шинжилгээний хариу өнөөдөр үдээс хойш гарна. Төв лаборатор дээр хийж байгаа шинжилгээг хүлээлгүйгээр гол хүнээ илрүүлэх зорилгоор хурадвчилсан оношлуурыг ашиглаж байгаа. Энэ нь халдварыг цаг алдалгүй илрүүлэх, цаашид нэмэлтээр яаж ажиллах вэ гэдэг дүр зураг, ажлын төлөвлөгөө тодруулахад тустай байгаа юм.

Сануулахад, хурдан оношлуурын шинжилгээний хариуг төв лабораторид хийсэн шинжилгээний хариу баталгаажвал Монгол Улсын таван иргэн Covid-19-ын халдвар авсан болох нь батлагдах юм. Бүгд гадаад улсаас ирсэн тул Covid-19 зөөвөрлөгдөн орж ирсэн гэж хэлж болно. Франц улсын иргэнийг оруулан тооцсоноор зургаан иргэн Халдварт өвчин судлалын үндэсний төвд хянагдан эмчлүүлж байна” гэлээ.

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ 2020.03.18-НЫ 11:00 ЦАГ

Posted by Эрүүл Мэндийн Яам on Tuesday, March 17, 2020

Хууль л амла!

3 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

7 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.