Дэлхий дахинд сүүлийн 24 цагийн хугацаанд 14 улсад шинээр халдвар бүртгэгдэж, нийт 164 улсад халдвар гараад байна. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Манай улсад өчигдөр гурван хүнд халдвар илэрсэн. Гурван иргэний хоёр нь Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн бол нэг нь Берлиний тусгай нислэгээр ирсэн бөгөөд эхний ээлжинд гурван хүнээ ХӨСҮТ-д тусгаарлаад байна. Ойрын бүх хавьтлыг шинжилгээнд хамруулна.
Бид халдвар гарсан улсаас иргэдээ авчирч байгаа учраас эрсдлээ тооцоод бүх зорчигчдыг онгоцонд амны хаалттай байлгаж байсан. БНСУ-аас ирсэн халдвартай хоёр хүний хувьд тэнд байх хугацаандаа эмнэлгээр үйлчлүүлсэн байна. Тиймээс иргэддээ аль болох эмнэлэгт очихгүй эхний ээлжинд утсаар зөвлөгөө авч байхыг ахин дахин сануулъя.
Гурав, дөрөвдүгээр сард монгол хүний дархлаа хамгийн ихээр унадаг учраас эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийг чанд сахихыг хүсэж байна” гэлээ.
Нэмж хэлэхэд 15 минутын хугацаанд хариу нь гардаг шинэ коронавирусийн түргэвчилсэн оношлуур бидэнд бий. Түүгээр бид онгоцоор ирсэн 43 хүнд шинжилгээ хийж үзэхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Эхний мэдээ болгож авах түргэвчилсэн оношлуур байгаа нь бидний ажлыг жоохон ч гэсэн хөнгөлж байна. Мөн халдвартай манай улсын гурван иргэн 37, 50 болон 60 гаруй насны эмэгтэйчүүд байгаа. Харин манай улсад эмчлэгдэж байгаа Франц иргэний биеийн болон сэтгэл санааны байдал сайн байгаа” гэдгийг онцоллоо.
Харин ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “1330 хүн тусгаарлалтад байна. Өчигдөр Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 256 зорчигч ирсэн. Эдгээрт эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх шаардлагатайд нь эмнэлэгт бусдыг нь сувилалд тусгаарласан. БНХАУ-аас халдварын эсрэг хэрэглэж байгаа уламжлалт анагаах ухааны жор авсан” гэв.