Шууд-ЭМЯ: (COVID-19)-ын нөхцөл байдлын талаар хүргэж байна
Хэвлэлийн бага хурал
ЭМЯ-наас covid-19 халдварын ээлжит нөхцөл байдлын талаарх мэдээллээ хүргэж байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинээр 11 оронд коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдсэн байна. Харин манай оронд зөөвөрлөгдөн орж ирсэн нэг тохиолдлын ойрын хавьтлуудыг шинжилгээнд хамруулж дуусаад байгаа гэв.
Энэ талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “ДЭМБ-аас уг өвчний тархалт удаан үргэлжлэх төлөвтэй байгааг мэдээлсэн. Түүнчлэн олон улсын эрдэмтэн судлаачид БНХАУ-тай 4,600 гаруй км газар нутгаар хиллэдэг Монгол Улсад халдвар бүртгэгдээгүй, мөн зөөвөрлөгдөн очсон нэг тохиолдлоос өөр халдвар бүртгэгдээгүй байгаа нь хязгаарлалтуудыг шуурхай авч ажилласны үр дүн хэмээн дүгнэж байна” гэдгийг хэллээ.
Харин тус яамны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа “Европын олон улс орон хорио цээрийн дэглэмийг хэсэгчлэн болон бүхэлдээ хориг тавилаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Франц улс бүрэн хорио тавьсан. Мөн Чех улс дэлгүүр болон үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр хугацаагаар хаалаа. Серб улсад онц байдал зарлаж, нийтийн үйлчилгээнд карантин тавьсан. Мөн Итали, Испани, Франц зэрэг улсуудад халдварын тохиолдол улам нэмэгдэж байна.Түүнчлэн Европын холбооны улсуудад халдвар нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэн бүр гараа сайтар угаах, ариутгах, амны хаалт зүүх, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна. Учир нь гурав, дөрөвдүгээр сард Монголчуудын дархлаа хамгийн их сулардаг. Тиймээс дээрх дэглэмийг сайтар сахиж, дархлаагаа дэмжихийг анхааруулж байна” гэлээ.
Мөн энэ үеэр хөндөгдсөн бас нэгэн асуудал бол Эрүүл мэндийн яамны зүгээс эрчимт эмчилгээнийхээ орыг нэмэгдүүлэх талаар ажиллаж байгаа аж. Энэ талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “943 хүн тусгаарлах байранд байна. Мөн сэжигтэй тохиолдол гэж 291 хүнд шинжилгээ хийсэн. Франц улсын иргэдэд үйлчилсэн гэх нэг иргэн гүйлгэсэн, халуурсан шинжтэй ХӨСҮТ-д тусгаарлагдлаа. Дархан-Уул, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан иргэдийн дунд олон улсаар дамжин ирсэн хүмүүс их байна. Түүнчлэн Сөүл -Улаанбаатар чиглэлийн онгоцоор 244 иргэн ирсэн. ХӨСҮТ-д Дегу хотоос ирсэн 10 иргэнийг тусгаарласан. Энхсаран сувилалд 184 иргэнийг тусгайлан ажигласан. Өнөөдөр Берлин-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 231 хүн ирсэн. Үүнээс халуурсан өгүүлэмжтэй 10 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаад байна. Орой Токио-Улаанбаатар чиглэлийн онгоц бууна. Одоогийн байдлаар 270 гаруй иргэн ирэх мэдээлэл байна. Үүнээс 50 гаруй хүнд зайлшгүй тусламж үйлчилгээ үзүүлэх шаардлагатай гэсэн мэдээлэл авсан. Бэлтгэл ажлыг хангасан” хэмээн тодрууллаа.
Харин ХӨСҮТ-ийн захирал Нямхүү “Гуравдугаар сарын 02-нд коронавирусийн халдвар батлагдсан франц иргэн болон түүнтэй хамт онгоцоор ирсэн 23 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Гуравдугаар сарын 15-нд Баян-Өлгий аймагт болон ХӨСҮТ-д нэг сэжигтэй тохиолдол илэрсэн, тусгаарласан. Баян-Өлгий аймгийн шинжилгээний хариу Улаанбаатарт хараахан ирээгүй байна” хэмээв.