226 тэрбум төгрөг хангалттай үр дүн шаардах санхүүжилт мөн

2017-05-4 Эрүүл мэнд

-Элэг бүтэн монгол” хөтөлбөрийг 2020 он хүртэл хэрэгжүүлнэ-

 

Засгийн газраас энэ сард “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг баталсан билээ. Уг хөтөлбөрийг 2020 он хүртэл хэрэгжүүлж, 226 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан. Ингэснээр Монголын бүх хүн ам элэгний вирусын шинжилгээнд хамрагдаж, 150 мянган хүнийг С вируснээс салгах зэрэг томоохон зорилтууд биелнэ. Уг хөтөлбөрийн талаар “Оном” сангийн ТУЗ-ийн дарга, доктор Д.Наранбаатартай ярилцлаа.

-Хөтөлбөр батлагдлаа. Ямар шат дараалалтайгаар хэрхэн хэрэгжих вэ. 2020 он гэхэд ямар үр дүнд хүрсэн байх вэ? 

-“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэг өнгөрсөн хоёрдугаар сард байгуулагдаж ерөнхий зургаа гаргасан. Уг зургаар 15-аас дээш насныхныг В, С вирусын шинжилгээнд хамруулъя. Өрхийн эмнэлэг, сумын эмнэлэг, сум дундын эмнэлэг, аймгийн эмнэлэгт түргэвчилсэн тестээр шинжилгээ авна. Мөн хувийн хэвшлийн эмнэлгүүд оролцоно. Хамгийн чухал нь бүртгэлжүүлж авах юм. Бүртгэлжүүлж аваад өвчтэй хүмүүсийг эмчилгээний хөтөлбөрт оруулж эмчилнэ. Өвчингүй байгаа хүмүүсийг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна. Хүн бүрт хүрч ажиллана гэсэн үг.

Өнөөдөр “Элэг бүтэн монгол” нэгдсэн чуулган дээр нэг ээж ярьж байна. Тэр хүн олон сайхан санал хэлж байсан. Энэ мэтээр олон санал нэгдэж ажлын төлөвлөгөөг эцэслэн батална.

Хөтөлбөр батлахад шалгуур үзүүлэлт болгож тодорхой зорилтууд тавьсан. Энэ нь 2020 он гэхэд 150 мянган С вирусын халдвартай хүнийг эмчилж эдгээнэ гэсэн зорилт юм. Хувийн хэвшил, төр нийгмийн төлөөлөл, яам, тамга нэгдсэн удирдлагад орж ажлын төлөвлөгөөгөө гаргаж энэ жил 40 мянган хүн эмчилнэ, дараа жил дахин 40 мянган хүнийг эмчилнэ гэх зэргээр нарийвчилсан төлөвлөгөө гаргана. Энэ төлөвлөгөө 5 сардбагтаж гарах ёстой гэж бодож байна. Тавдугаар сарын 5-нд хөтөлбөрийн нээлт болоход төлөвлөгөөгөө хийчихсэн байх хэрэгтэй байгаа юм. Сайдын тушаалаар ямар ч байсан бэлтгэл ажлаа хангаад хийх ёстой гэсэн чиглэл гарсан. Нэгдсэн удирдлагад орж төр, нийгмийн төлөөлөл, мэргэжлийн холбоод нь бүх юмаа уялдаа холбоотой хийх хэрэгтэй.

Энэ жил гаргасан хамгийн тодорхой төлөвлөгөө бол 40-өөс дээш насны бүх хүнийг В, С вирусын шинжилгээнд хамруулж бүртгэлжүүлнэ. Бүртгэлжүүлж авсны дараа үүнээс хамаарч хэдэн хүн эмчлэх, судалгаа шинжилгээнд хэрхэн анхаарах зэрэг дараа дараагийн ажлууд хийгдээд явна. Бидэнд уг ажлыг маш сайн хийх боломж нөхцөл нь байна. Хамгийн чухал зүйл бол төр хөтөлбөрөө батлаад санхүүжилт тавьж өглөө. Санхүүжилт тавиад өгчихөөр хэрэгжүүлэх үндэс суурь болно. Одоо үүн дээр хяналтаа тавиад, сайн шахаад ажиллах ёстой.

-Д.Наранбаатар: 226 тэрбум төгрөг хангалттай үр дүн шаардах санхүүжилт мөн-

-Өвчлөлийн байдал ямар байна вэ?

-Хэдэн жилийн өмнө элэгний В, С вирустэй, D вирус нь эмчилгээ байхгүй. В вирустэй байвал баярладаг. С-тэй бол ер нь ингээд өнгөрч байгаа юм байна даа гэж боддог цаг үе байлаа. Энэ үед жилд 2600, өдөрт долоон халуун амь нас элэгний өвчнөөр үгүй болж байлаа. 2012 онд Монгол Улс дэлхийн дунджаас долоо дахин их элэгний өвчлөлтэй гэсэн судалгаа гарахад хүмүүс итгэдэггүй байсан. Төр засаг энэ асуудалд анхаарлаа хандуулснаар хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах нийт 226 тэрбум гаруй төгрөгийн 24 хувийг улсын төсвөөс, 68 хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас, найман хувийг бусад эх үүсвэрээс гаргахаар тооцоолсон. Ингэснээр Монгол Улсын хүн ам 2020 он гэхэд С вирусыг бүрэн устгаж, энэхүү вирусээс гаралтай элэгний хавдар, хатуурлыг эрс бууруулах боломж бүрдэнэ. Монголд одоогоор 400 мянган элэгний вирустэй хүн байна. Үүнээс С вирустэй 150 мянга, В вирустэй 150 мянга, D вирустэй 100 мянган хүн байна.

Түүнчлэн энэхүү үйл ажиллагаа бүх аймаг, сумын өрхийн эмнэлгээр дамжиж хийгдэх ёстой. Элэгний С вирустэй хүмүүс эдгээд гарч байгаа ч эргээд халдвар аваад орж ирж байна. Яагаад гэвэл ариутгал муу байгаагаас, шүдний эмчээс, шивээс хийлгэх эсвэл хануулаад орж ирж байна. Учир нь С вирус нь дархлаа тогтдоггүй. Египет улс өнгөрсөн жил 1 сая хүнийг эмчилсэн. 200-300 мянга нь дахиад халдвар аваад орж ирсэн байдаг. Монгол Улсад 8000 хүн эмчлэгдээд 3000 хүн шинээр бүртгэгддэг.

-Уг хөтөлбөрийн хүрээнд тодорхой зорилт тавьсан. Тэгвэл 226 тэрбум төгрөг нь уг зорилтыг биелүүлэхэд хангалттай хүрэлцэх санхүүжилт мөн үү. Үүнийг яагаад асууж байна гэвэл сүүлд хөтөлбөр бүрэн дүүрэн хэрэгжээгүй тохиолдолд санхүүжилт хүрэлцээгүй хэмээн бухах вий гэсэн болгоомжлол байна?

-Хангалттай үр дүн шаардах санхүүжилт мөн. Уг мөнгөөр их зүйл хийх хэрэгтэй. Өнгөрсөн зун манай багийнхан, сая яамныхан суугаад тооцоо хийж үзсэн. Ихэнх мөнгө нь эмийн болон оношилгооны хөнгөлөлтөд зарцуулагдана. Гэхдээ 226 тэрбум төгрөг бол чамлах мөнгө биш. Эрүүл мэндийн үндэсний хөтөлбөрт өмнө нь ийм их хэмжээний хөрөнгө тавьж байсан удаагүй. 2020 он гэхэд С вирустэй 150 мянган хүнийг эмчилж эдгээхгүй бол үүн дээр хариуцлага ярих ёстой.

-С вирустэй хүмүүсийн хувьд эмчлэгдэх боломжтой. Харин В, Д вирустэй бол эмчлэх төгс арга алга. Тиймээс ийм хүмүүс уг хөтөлбөрийн хүрээнд бидний төлөө юу хийх вэ гэсэн хүлээлттэй байна?

-В, Д вирусын хувьд асуудалтай юу гэвэл тийм. Гэхдээ шинжилгээнд хамрагдаж В, Д вирустэйгээ мэднэ гэдэг чухал. Жишээ нь архи уугаад байвал В, Д вирус элэгний хатуурал болоход амархан. Тиймээс халдвартай гэдгээ мэдээд архи уухаа болих, эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэх зэрэг алхмыг хэрэгжүүлнэ. Энэ мэтээр хүний амьдралд эргэлт бий болно. Мэдлэг бидэнд хүч өгч байгаа юм. Шийдвэр гаргах боломж өгч байна. Төгс эмчилгээгүй учраас би мэдэх хэрэггүй гэвэл тэнэг хэрэг. Эмчилгээ бий. Тодорхой эмчилгээ батлагдчихсан. Гэхдээ энэ нь хүнд эмчилгээ. Үнэтэй эмчилгээ. Мөн эм уудаг эмчилгээнүүд гарч ирж байна. Тэгэхээр үүнийг цааш нь улам сайжруулаад явах хэрэгтэй.

-Судалгаа шинжилгээг цаашид хэр өргөн далайцтай хөгжүүлэх боломжтой вэ. Эмчилгээ авахад вирусын хүнд халдвартай хүмүүсийн хувьд эм, эмчилгээний зардал багатай арга гараад ирээсэй гэж хүсч байна. Шинжлэх ухааны эрин зуунд зөвхөн гадны эрдэмтдийн гарыг харалгүй дотоодын эрдэмтэн судлаачид маань энэ салбарт хүчин чармайлт гаргах хэрэгтэй болов уу?

-Таньтай бүрэн санал нэг байна. Энэ бол хамгийн чухал зүйл байгаа юм. Судалгаа шинжилгээ далайцтай явж байж бид асуудлаа зөв тодорхойлж, шийдэж чадна. Судалгаагүй бол юуг ч шийдэж чадахгүй. “Оном” сангийн гол зорилго бол явж явж судалгаа, эрдэм шинжилгээн дээр  төвлөрч ажиллах явдал юм. Зайлшгүй шаардлагатай учраас бид энэ ажлыг хийж, зүтгэхээс өөр аргагүй. Бид дэлхийн шинжлэх ухааны мэдлэгт аль хэдийнэ хувь нэмрээ оруулаад эхэлчихсэн. Аливаа зүйлийг судалгаа шинжилгээгүйгээр хийнэ гэвэл ерөөсөө болдоггүй. “Элэг бүтэн монгол” хөтөлбөр судалгаа шинжилгээтэй, тоо баримттай байгаа. Жишээ нь 220 гаруй тэрбум төгрөгийг тавихад тооцоо судалгаанд суурилж гаргаж ирсэн тоо.

-“Элэг бүтэн монгол” өдөрлөгийн үеэр ихэвчлэн 35, 40-өөс дээш насныхан түлхүү харагдаж байсан. Харин 20-35 насныхан цөөн байлаа. Ялангуяа, оюутан залуус бараг байсангүй. Гэтэл элэгний вирус залуу гэж ялгадаггүй. Одоо мэдэхгүй байгаа ч гэсэн зарим залуус энэ төрлийн вирусын халдварыг тээгээд явж байгаа. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?    

-Яг зөв. Харин ч В, Д вирусын халдвар залуусын дунд настай хүмүүсээс илүү өндөр байгаа.  В вирусын халдвар 25-29 насынхны хооронд 16 хувьтай байна. Тийм учраас хүмүүсийг бүртгэлжүүлж, шинжилгээнд хамруулж авна гэдэг ийм чухал юм. Явж явж бид халдвартай юу, үгүй юу гэдгээ мэдэхгүй бол юу ч хийж чадахгүй. Халдвартай бол эмчилгээнд орж эрүүл мэнддээ илүү анхаарах хэрэгтэй. Сайн амарч байх, зөв амьдралын хэв маягтай болох хэрэгтэй. Халдваргүй байх юм бол халдварлахгүй байхад анхаарч эхлэх ёстой. Вакцин хийлгэх хэрэгтэй. Бүртгэлжүүлснээр ийм арга хэмжээ авч чадна. 35-40-өөс дээш насныхан эрүүл мэнддээ арай илүү анхаарч цаг гаргаж чаддаг. Залуу хүмүүс тоомжиргүй байгаа нь үнэн. В, Д вирусын хувьд залуу байх тусмаа хүндрэл их байдаг юм. Тийм учраас бүр илүү анхаарал тавьж ажиллах хэрэгтэй байна. Ирэх жил 15-39 насны хүмүүсийг шинжилгээнд хамруулж бүртгэлжүүлнэ.

-Та нэгэнт эрүүл мэндийн салбарыг сонгож, тэр дундаа элэгний вирус, өвчлөлийг устгахад үйл хэргээ зориулж байгаа тул энэ чиглэлээр улам эрчимтэй ажиллана гэж найдаж байна. Таны хэтийн зорилго, мөрөөдөл юу вэ?

-Хувь хүнийхээ хувьд 2012 онд элэгний өвчтэй аавыгаа эмчлүүлснээр энэ ажлын гараа эхэлсэн юм. Оном сан 2008 онд байгуулагдсан. “Элэг бүтэн монгол” хөтөлбөрийг 2020 он хүртэл хэрэгжүүлэхийн тулд шаардлагатай бүх зүйлийг манай баг хийнэ. Үүний үр дүнг үзнэ. Дараа нь хийх зүйл зөндөө байна гарна. Бид хоёрдугаар шатны ажлаа хийгээд явж байна. Элэгний өвчинтэй адил маш хүндрэлтэй зүйл бол зүрх судас, цусны даралт ихсэх өвчин юм. Монгол хүний нас барах тэргүүлэх шалтгаан энэ. Үүнд дээр “Эрүүл зүрх” хөтөлбөрийг эхэлчихсэн явж байна. Ер нь миний хүсэл зорилго бол Монголд мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэхийг зорьдог. Газраа ухаад бус тархиа ухаад амьдарч болдог юм байна гэдгийг харуулах нь миний амьдралын зорилго юм. Ийм  байдлаар би өөрөө амьдаръя, үр хүүхдээ хүмүүжүүлье, хойч үедээ өв үлдээе гэж бодож байна. Бидний тархинд шавхагдашгүй их баялаг байгаа. Хийх юм асар их байна.

Г.Батзориг

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.